Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Тусгаарлалтад байгаа жолооч нараас зөрчил илэрсэн тул бөмбөлөг тээврийг цэргийн албан хаагчдын хатуу хараан дор ХЯНАЖ байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
7 минут 39 секунд

Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 47 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагаандэл-Уул боомт болон Дорноговь аймгийн Ханги боомтуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, холбогдох арга хэмжээг авсан байна. Уг багийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж буй юм.

Энэ талаар тус багийг ахалж буй ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас цөөн зүйлийг тодрууллаа.

-Шивээхүрэнгийн боомтыг энэ сарын 25-наас нээнэ гэх мэдээлэл бий. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Шивээхүрэнгийн боомтод ажиллаад ирсэн. Өнгөрсөн оны аравдугаар сарын 6-нд Шивээхүрэнгийн боомтыг Сэхэ талаасаа буюу БНХАУ-ын талаас зогсоогоод зургаан сар гаруй болж байна. Шивээхүрэнгийн боомт их онцлогтой. ААН-үүд нь хилийн боомтынхоо орчимд олборлолт хийдэг. 4-5 ААН-ийн гадна талд ухаад гаргаад ирсэн эрчим хүчний болон сул кокжсон 6.8 сая тонн нүүрс бэлэн байна. Өөрөөр хэлбэл, экспортлоход бэлэн болсон.

Өчигдрөөс БНХАУ-ын талын боомтын захиргаа буюу ӨМӨЗО-ны боомтын зөвлөлийнхөн Сэхэ боомтод ажиллаж, ариутгал халдваргүйжүүлэлт, барилга байгууламжийн ажлыг улсын комисст авах хийхээр болсон байна. Энэ ажил хийгдвэл энэ сардаа багтаж, Шивээхүрэн-Сэхэ боомтын үйл ажиллагааг эхлүүлэх байр сууриа хоёр талаас солилцсон байгаа.

-Манай талаас ямар ажил хийгдэж байгаа вэ?

-Нэгдүгээрт, халдвар хамгааллын дүрэм журмаа сахиулах,

Хоёрдугаарт, Эхний ээлжинд калмараар чингэлэг тээврийг хилийн 0 цэгт солилцох ажлыг эхлүүлэх, жигдрээд ирэхээр задгай тээврээр тээвэрлэлт хийх асуудлыг ярина.

-Цагаандэлийн боомтын үйл ажиллагааг иргэд эсэргүүцэж байгаа гэх мэдээлэл байна. Юунаас болж ийм эсэргүүцэлтэй тулгарч байгаа юм бол?

-Хоёр асуудал байгаа юм билээ. Газар дээр нь очиж ажиллах байж ойлгоно. Боомтын барилга байгууламжийг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар Монголын "Үлэмж" гэдэг компани гүйцэтгэхээр санхүүжилтээ аваад зураг төслөө батлуулаад ажиллаж байна. Тавантолгойн бүлэг ордын баруун наран орчмоос 270, 280 орчим километр орчим цагаан засмал зам тавиад, Цагаандэл боомт руу холбох барьж, ашиглах, шилжүүлэх нөхцөлтэй концесс эзэмшигчээр "Өсөх зоос Ундрах Говь" гэх компани шалгарсан байна лээ. Эсэргүүцлээ илэрхийлж буй 300 гаруй иргэдийн дийлэнх нь замыг тавиулахгүй гэх шаардлагыг тавьж байна.

-Шалтгаан нь юу юм бол?

-Өмнөговийн хоёр том боомт эдийн засгийн үр өгөөжөө өгсөн үү, үгүй юу гэхчлэн маш олон шаардлага тавьж байна. Иргэдтэй уулзах уулзалтаас нэг зүйлийг ойлгосон. Сүүлийн бараг 30-аад жил уул уурхай, ашигтай үр өгөөжтэй гэж малчид ойлгож ирсэн. Гэвч өнөөдрийг хүртэл бидэнд үр өгөөжөө өгөхгүй байна гэсэн утгатай зүйл ярьж байна. Тэгэхээр цаашид ашигт малтмалын нөөц ашигласны татварыг сум, баг, аймагт нь үлдээх эрхзүйн орчинг бүрдүүлэх нь шаардлагатай. Мөн малчид уул уурхайн мэдлэг маш өндөр байна. Стратегийн орд биш бол ашиглуулах шаардлага байна уу, үгүй юу гэдэг асуудлыг ярьж байна. Уул уурхайн олборлолтоос борлуулалт хийх цэг хүртэлх зам талбайд маш их тоосжилт үүсдэг учир иргэд ихээхэн бухимддаг юм байна. Тиймээс нээлгэх хүсэлгүй байна гэдгээ илэрхийлж, Засгийн газарт уламжилж өгөхийг хүссэн. Тэдний тавьсан шаардлагыг Засгийн газарт танилцуулсан.

-Энэ асуудал нь одоо Засгийн газрын асуудал биш хоёр улсын асуудал шүү дээ. Тэгэхээр зам тавих үгүй эсэхийг ярих нь хэр зохистой вэ?

-Ерөнхий сайдын захирамжаар "Эдийн засгийн хүндрэлтэй үед урд боомтуудад хуримтлагдаад буй нүүрсний экспортын гацааг арилгах талд төрийн байгууллагын хоорондын ажлын уялдааг хангаж ажилла" гэсэн үүрэг даалгавраар би ажиллаж байгаа. Мэдээж иргэдэд "Энэ бол хоёр улсын хоорондын асуудал болсон" гэдгийг хэлсэн.

-Гашуунсухайтын боомтод хэчнээн тонн нүүрс хуримтлагдаад байгаа вэ?

-Цагаанхадны суурьшлын бүсэд 4.7 сая тонн нүүрс бий. Экспортлогчтой удаа дараа онлайн хурал хийсэн. Нэг зүйл дээр тохирсон. Бид нийт хуримтлагдсан нүүрснийхээ 50 хувийг экспортолж чадвал шинэ борлуулалт хийе гэдгээ айлын талтай ойлголцсон. Өнөөдрийн хурдаар явбал бараг 2-3 сар, одоогийн хурдаа нэмэгдүүлвэл 30-40 хоногийн дотор 2 сая гаруй гаруй нүүрсээ гаргачихна.

БНХАУ-ын талаас нэг л зүйлийг ярьж байгаа. "Монголын тал халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиулах хэрэгтэй. Манай улс руу орж ирж буй танай тээвэрчид сөрөг гараад байвал бид сөрөг гарсан тоогоор нь тоогоо нэмэгдүүлээд явъя" гэсэн. 220 машин гарч байсныг өнгөрсөн даваа гаригаас эхлээд 240, 260, 280 болгоод явж байна. Өнөөдөр 280 машин гарах ёстой. Энэ долоо хоногт аятайхан дүгнэгдчихвэл 320, 360, 400 болгох боломжтой гэдгээ айлын талтай ярьчихсан байгаа.

Ингэхийн тулд бөмбөлөг тээврийн зохион байгуулалт, халдвар хамгааллын дэглэмийг сайтар сахиулах ёстой болсон. Бөмбөлөг тээврийн тусгаарлалтад байгаа хүмүүст архи өгдөг, янз бүрийн хүмүүстэй уулздаг зэрэг зөрчил гарсан учир Дотоодын цэрэг, Хилийн цэргийн анги нэгтгэлээс албан хаагчдыг татаж, бөмбөлөг тээврийн хатуу хараан дор хянаж байна.

-Ханги мандал боомтын нөхцөл байдлын талаар?

-Энэ боомт дээр ч бид яг л адилхан нөхцөлүүдээ ярьсан. Айлын талаас эхний ээлжинд хоногт 30 машин нэмэгдүүлж, 80 машин болгоё гэсэн. Манай тал бас өнөөдөр ГХЯ-ны шугамаар нэмэлт шаардлага тавилаа. Тодруулбал, бямба гаригт ажиллах, орой 20.00 цаг хүртэл боомт ажиллаач гэдэг хүсэлт тавьсан.

-Бургастайн боомтын тухайд?

-Тус боомтыг ирэх тавдугаар сард багтаагаад нээе гэдэг саналаа БНХАУ-ын талаас тавьсан. Энэ сарын 19-нд Элчин сайд Т.Бадрал БНХАУ-ын Гадаад харилцааны яамны Хил, далайн боомтын асуудал эрхэлсэн газрын дарга Хунтай уулзаж, үндсэн яриа хэлэлцээрүүд хийгдсэн. Энэ хүрээнд Шивээхүрэн нээгдсэний дараа Бургастай, Бичигт, Хавиргын боомтуудыг шат дараатай нээе гэдгээ ярьсан. Хамгийн гол нь монголчууд халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахих хэрэгтэй гэж байгаа.

Б.Баттөр

Улаанбаатарт 9 хэм дулаан байна
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.