УИХ-ын гишүүн Д.Оюунхорол Казиногийн тухай хууль батлах талаар өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Хөшгийн хөндийд байгуулагдах эдийн засгийн чөлөөт бүсийн нэг хэсэг нь аялал жуулчлалын чиглэлийн зоон байна. Энд нисэх онгоцны буудлаа түшиглэсэн хот бий болгоно гэж үзэж байгаа учраас түүндээ зориулсан төлөвлөлтүүдийг хийнэ. Одоогийн байдлаар Монгол Улс 450-500 мянган жуулчин л хүлээн авч байгаа. Монгол Улсын ДНБ-ий 3.4 хувийг бүрдүүлдэг. Бид гадаадын жуулчдыг татаж чаддаггүй. Тэр тусмаа мөнгөтэй аялагчид Монголыг зорьж ирдэггүй.
Тоглоомын салбартай 155 орон байна. Энэ орнуудад эдийн засгийн өсөлт нь 35 хүртэлх хувиар өссөн. Өөрөөр хэлбэл, төсвийн орлого буураагүй. Манай улсын хувьд хоёр гүрний дунд оршин байдаг. Гаднын жуулчдыг татан авах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Монгол хүн тоглодоггүй Казиногийн хуулийг батлах хэрэгтэй. Ингэснээр 20-30 мянган залуучуудын ажлын байр бий болно. Монгол хүнийг тоглуулахгүй гэж хуулиар хориглох нь зөв. Гадныханд илүү нээлттэй үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй" гэв.