Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ирүүлсэн Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцсэн.
Сангийн сайд Б.Жавхлан "Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”-ыг Азийн хөгжлийн банкны 30.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Төслийн II үе шатны хүрээнд Монгол Улсын баруун бүсэд орон нутгийн иргэдэд түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй дэд бүтцийг бий болгох, соёлын өв бүхий газар тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийг бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тусгасан" гэлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал "Төслийн санхүүжилтийг зөв зарцуулахын тулд хувийн хэвшлийнхний дунд төслийн шалгаруулалтыг явуулж, зээлийг нь төлүүлэх зохицуулалт хийх саналтай байна"
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Эдийн засгаа тэлэх, сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд аялал жуулчлалын салбарыг дэмжих шаардлагатай. Үүнийг дагаад ажлын байр нэмэгдэх, иргэд орлоготой болох, цаашлаад ариун цэврийн байгууламж барих, дэд бүтэц зэрэг агуулгыг төсөлд тусгасныг дэмжиж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь "Монгол Улсын авсан зээл багадаагүйг тодотгоод улс орны эдийн засаг амаргүй байгаа энэ үед өр, төлбөрийг 100 тэрбум төгрөгөөр ч болтугай нэмэхгүй байх үүднээс зээлийн төслийг дэмжихгүй" гэв.
Ингээд Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээр (“Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл-II үе шат”)-ийн төслийг зөвшилцөхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд танилцуулахаар болсон байна.