Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Хөгжлийн банктай холбоотой зарим асуудлаар мэдээлэл сонсож, танилцуулга хийжээ. Энэ талаар ХЗДХ-ийн Дэд сайд Б.Солонгоо мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хөгжлийн банкны зорилт нь хөгжлийг дэмжих, экспортыг нэмэгдүүлэхэд тодорхой санхүүжилт олгох зориулалттай. Сүүлийн үед Хөгжлийн банкны үйл ажиллагаа доголдож байна. Өнөөдрийн байдлаар нийт 3.1 их наяд төгрөгийн зээлийн багцтай ба үүний 55 хувь эрсдэлтэй буюу чанаргүй зээлд хамрагдсан байна.
Нийт 28 зээлдэгчийн 1 их наяд орчим төгрөгийн зээлийг шүүхэд шилжүүлсэн. 14 зээлдэгчтэй холбоотой асуудал хуулийн байгууллагад шалгагдаж байна. Тухайлбал, АТГ-т 10 зээлдэгчийн, ЭЦА-нд 3 зээлдэгчийн асуудлыг шалгаж байна. Хөгжлийн банк танилцуулга хийхдээ шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь маш их хугацаа алдаж байгааг мэдээлсэн. Шүүхээс шийдвэр гарсан ч шүүхийн шийдвэр гүйцэтгэхэд хугацаа алдаж байгаа асуудлууд байна.
Нэгдүгээр сарын 24-нөөс өнөөдрийг хүртэл нийт 8.6 тэрбум төгрөгийн эргэн төлөлт хийгдсэн байна. Зээл авсан компаниуд зээлээ эргэн төлөхөд анхаарлаа хандуулж байна. Нийт 520 тэрбум төгрөгийн зээлийг зориулалтын бусаар зарцуулсан асуудал бий. Энэхүү 20 компанийг шалгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн" гэв.