Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ИРГЭД: Сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд л тэмдэглэн өнгөрүүлэх хэрэгтэй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 56 секунд

Шинэ төрлийн коронавируст халдварын “Омикрон” хувилбарын тархалт буурахгүй, өдөр ирэх бүр өсөн нэмэгдэж байна. Уг халдварын оргил үе нэг сарын сүүлээс хоёрдугаар сарын сүүл хүртэл үргэлжлэх ба өдөрт 15-20 мянган тохиолдол бүртгэгдэнэ гэдгийг холбогдох албаныхан мэдээлсэн. Харин манай улсын хувьд коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн 2020, 2021 онд УОК-ын шийдвэрээр сар шинийн баярыг тэмдэглээгүй.

Тэгвэл энэ жилийн сар шинийн баяр хоёрдугаар сарын эхээр болох бөгөөд УОК ямар нэг байдлаар хөл хорио тогтоохгүй хэмээн шийдвэрлэсэн. Тиймээс удахгүй болох сар шинийн шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг хүргэе.

Иргэдийн хувьд сар шиний баяраа өргөн дэлгэр тэмдэглэхгүйгээр зөвхөн гэр бүлийнхээ хүрээнд тэмдэглэнэ гэдгээ илэрхийллээ. Тодруулбал, байр сууриа илэрхийлсэн 10 гаруй хүний ихэнх нь тэмдэглэхийг огт дэмжээгүй бол гурван хүн гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ хэмээв. Харин нэг иргэний хувьд өргөн дэлгэр тэмдэглэхийг дэмжсэн юм.

-н.Шинэчимэг:"Гэр бүлийн хүрээнд тэмдэглэнэ"-

"Гэр бүлийн хүрээнд тэмдэглэх нь зөв байх гэж бодож байна. Сүүлийн хоёр жил тэмдэглээгүй болохоор ах дүү, төрөл төрөгсөд уулзвал зүгээр биз дээ. Ахмад настай иргэд бол тэмдэглэнэ л гэж бодож байгаа байх даа. Харин нийтээрээ айл хэсээд явбал дэмий шүү дээ" гэв.

-З.Пүрэвсүрэн: Айл хэсэх дэмий, архи уух бүр дэмий гэж бодож байна-

"Цагаан сар тэмдэглэхийг огт дэмжихгүй байна. Дэмий зүйл. Гэр орондоо ёслох төдий өнгөрнө. Өвчин зовлон их байгаа энэ үед хэцүү шүү дээ. Би тэмдэглэхгүй. Айл хэсэх дэмий, архи уух бүр дэмий гэж бодож байна шүү" гэсэн юм.

-Б.Энхцэцэг: "Дэмжихгүй"-

"Коронавирусийн нөхцөл байдалтай холбоотойгоор тэмдэглэхгүй байсан нь зүйтэй гэж бодож байна. Олон хүн цуглах юм бол халдвар илүү тархана. Одоо ч нөхцөл байдал буцаад хүндэрч байна шүү дээ. Тэгээд цагаан сараар чинь яадаг билээ дээ. Золгож байна гээд нэг нэгнээ хацар дээр нь үнсдэг. Тэгэхээр халдвар тархах нь нэмэгдэнэ шүү" гэв.

-н.Доржсамбуу: "Олон хамаатантайгаа танилцдаг учраас тэмдэглэх хэрэгтэй"-

"Хоёр жил тэмдэглээгүй болохоор тэмдэглэх нь зөв гэж бодож байна. Нэгдүгээрт уламжлалаа хадгалсан үйл явдал шүү дээ. Хоёрдугаарт, бид цагаан сараар олон хамаатан үеэлүүдтэйгээ шинээр танилцдаг шүү. Саяхан цахимаар цус ойртолт их байна гэсэн мэдээ харсан. Энэ нь манай ард түмэн нэг нэгнээ танихгүй байгаагаас болж л хоорондоо сууж цус ойртолт үүсэж байна гэж харж байна шүү дээ. Үндэсний хэмжээний баяр болохоор тэмдэглэсэн нь дээр байхаа л гэж бодож байна”

-Г.Алтандөл: "Энэ цагаан сарыг тэвчих юм бол ирэх жил наадмаа хийгээд зогсож байх ч юм билүү"-

"Би цагаан сар тэмдэглэхгүй. Буруу ч гэж бодож байна. Хэрвээ энэ цагаан сарыг тэвчээд өнгөрүүлчих л юм бол халдваргүй болно гэсэн миний бодол байдаг юм л даа. Энэ цагаан сарыг тэвчих юм бол ирэх жил наадмаа хийгээд зогсож байх ч юм билүү. Одоо омикрон их байхад яах гэсэн юм бэ дээ"

-М. Ууганзаяа: "Гадуур гарахгүй гэртээ тэмдэглэж чадвал тэмдэглэх хэрэгтэй"-

"Гадуур гарахгүй гэртээ тэмдэглэж чадвал тэмдэглэх хэрэгтэй байх аа. Коронавирусийн халдвар нэмэгдэж байгаа болохоор гадуур тэнэх нь буруу л гэж бодож байна"

-Э.Соёмбобаатар:"Дэмжихгүй"-

"Ханиад томуу их байхад тэрийг тэмдэглэж яадаг юм. Өвчин зовлон, ханиад томуу гадуур утгаа алдлаа шүү дээ"

Цагаан сар хийх, хийхгүй байх тал дээр иргэд өөрийн өөрийн байр суурьтай байна. Мэдээж төр засгаас хорьж цагдаагүй учраас яах нь хувь хүний сонирхол. Тиймээс дүгнэлтийг уншигч танаа үлдээе.

Тээвэрлэлтийн 2-3 сая төгрөгийн хөлсийг 25-26 сая төгрөг болгосон жолооч нарын торгуулийг хэвээр үлдээлээ
Тээвэрлэлтийн 2-3 сая төгрөгийн хөлсийг 25-26 сая төгрөг болгосон жолооч нарын торгуулийг хэвээр үлдээлээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.