Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НХМГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар өнөөдөр /2022.01.17/ ээлжит мэдээлэл хийлээ.
Мэдээллийн үеэр Цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Өнөрбат "Агаарын чанарын индексээр Хайлааст орчим их бохирдолтой, I хороолол, Баруун 4 зам орчимд бохирдолтын түвшин бохирдолтой, бусад цэгүүдэд бага бохирдолтой гэж гарчээ. Орон нутагт хүхэрлэг хий болон азотын давхар ислэг хоногийн дундаж агууламжаас давсан тохиолдол байхгүй.
Харин Өмнөговь аймагт 20 минутын дундаж агууламж нэг удаа давсан тохиолдол илэрсэн. Харин pm10 тоосонцрын хувьд 2022 оны нэгдүгээр сарын 7-14-ны өдрийн байдлаар Архангай, Говь-Алтай аймагт 1.7, Дархан-Уулд аймагт 1.1, Орхонд 2, Өвөрхангай аймагт 1.8, Сэлэнгэд 1.2, Төв аймагт 2.5, Хөвсгөлд 2.2, Хэнтийд нэг дахин стандарт агууламжаас давсан тохиолдол илэрчээ" гэв.