Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Зол-Эрдэнэ: Халдвар авч уушгины хатгаа болсон хүүхдэдээ эмнэлгийн тусламж авч чадахгүй байна

Ангилал
COVID-19
Огноо
Унших
3 минут 53 секунд

Гэр бүлээрээ коронавирусийн халдвар авч, уушгины хатгаатай хүүхдэдээ эмнэлгийн тусламж авч чадахгүй байгаа БГД-ийн гуравдугаар хорооны иргэн Г.Зол-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай гэр бүл хэдэн гишүүнтэй вэ. Халдвар авсан гэдэг нь хэзээ батлагдсан бэ?

-Манай гэр бүлийн дөрвөн гишүүн ковидын халдвар авсан. Уржигдар шинжилгээ өгөөд өчигдөр хариу нь гарсан байгаа. Хүүхдүүд маань 3 болон 8 настай. Халдвар авсан гэдэг нь батлагдаад 30 гаруй цаг өнгөрч байхад холбогдох эмнэлгийн байгууллагууд нь ямар ч арга хэмжээ аваагүй байна.

-Эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Найман настай хүүхэд маань уушгины хатгалгаа болчихсон. Өчигдөр 16 цагийн үед өрхийн эмнэлгээс хүүхдүүдтэйгээ хамт хэвтэх шаардлагатай учир тандалтын багт мэдээлэл өгсөн гэдгийг хэлсэн. Бид тандалтын багаас холбогдохыг нь хүлээсээр шөнө болсон ч холбогдоогүй. Тиймээс УОК, өрхийн эмнэлэг, тандалтын баг гээд 20-30 утас руу ярьсан. Бүгд л "тандалтын баг руу ярь, тандалтын баг мэднэ, тандалтын баг хуваарилалт хийнэ, бид мэдэхгүй" гэхчлэн өөр дугаар өгч байсан. Тандалтын баг гэдэг нь хаана ямар хүмүүс хэрхэн ажилдаг болохыг үнэхээр мэдэхгүй байна.

-Одоогоор хүүхдүүдийн биеийн байдал ямар байна вэ?

-Том хүүхэд маань уушгины хатгаа болж, идээт үрэвсэл үүссэн гэх оноштой байна. Энэ тохиолдолд физик эмчилгээ болон эмийн эмчилгээ хийх шаардлагатай байгаа. Хүүхэд маань халуураад, ханиалгаж байнгын халууны эм ууж байгаа. Бид өөрсдийн зүгээс эмчийн зөвлөсөн бүх эм, танг өгч байгаа. Гэвч 30 гаруй цаг өнгөрч байхад гэрт нь байлгасаар л байна. Харин бага хүүхдийн биеийн байдал одоогоор хэвийн байна.

-Одоо хүртэл тандалтын багтай холбогдож чадаагүй юу?

-30 минутын өмнө хүртэл холбогдож чадаагүй байсан. Харин сая холбогдоход өрхийн эмнэлгээс чинь мэдээлэл ирээгүй байна гэсэн. Гэтэл өчигдөр өрхийн эмнэлгийн эмч миний нүдэн дээр тандалтын баг руу мэдээллийг чинь явуулчихлаа гээд, утсаар хүртэл ярьсан.

-Та урьд шөнө 20-30 дугаар луу холбогдсон гэлээ. Өөрийн биеэр асуудалтай тулгарсан хүний хувьд асуудал яг юунд байна гэж бодож байна вэ?

-Зохион байгуулалт нь ямар ч ойлгомжгүй байна. Шинэ жилийн баярын дараа халдварын тоо нэмэгдэх нь ойлгомжтой шүү дээ. Гэтэл гэнэт л халдвар нэмэгдээд байгаа юм шиг ачаалал нэмэгдсэн, ор байхгүй гээд шаардлагатай хүмүүстээ тусламж үзүүлж чадахгүй байна. Эрүүл мэндийн байгууллага хүнд нөхцөлд байгаа гэдгийг ойлгож байгаа. Гэхдээ ажиллаж буй хүмүүс нь асар өндөр төлөвлөгөө, тооцоотой байх үүрэгтэй.

Ярилцсанд баярлалаа.

Энэ бол нэг гэр бүлд тулгарсан асуудал биш юм. Ковид-19 вирусийн халдвар тархсанаас хойш гурав дахь жилтэйгээ золгож байгаа хэдий ч УОК, эмнэлгийн байгууллагуудын хариуцлагагүй, уялдаа холбоогүй ажилладгаас үүдэн халдвар авсан олон иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй байсаар хүндрэх цаашилбал амь насаараа хохирох эрсдэл үүссээр байна.

МАН-ын бүлэг Холбооны эрх зүй, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа
МАН-ын бүлэг Холбооны эрх зүй, Сангийн эрх зүйн байдлын тухай хуулиар тав хоногийн завсарлага авлаа
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.