Цар тахлын “хүлээсэнд” олон баярыг тэвчиж өнгөрүүлсэн монголчууд энэ шинэ жилээр нижгэр сайхан баярлацгаав. Ерөнхийлөгчөөс эхлээд байгууллага бүр шагналын хур буулгаж, байр болгон сүлд модоо засч, хүн бүр ширээ тойрч баярын хундага өргөж өнгөрсөн жилийн “шархаа” заналтай нөхлөө.
Харин энэ их баяр ёслолын дунд сайнаар гэхээсээ илүүтэй муугаар яригдсан сүлд мод нь Завхан аймагт тодорч, түмэн олныг баясгав. Мөн нутгийн удирдлагын ордныхоо өмнө зассан энэ сүлд модны талаар сошиалд ширүүхэн шүүмжлээд амжлаа. Нээрээ ч Завханчуудын төв талбай дээрээ зассан шинэ жилийн сүлд модыг харсан Завханчууд нь ичиж, бусад нь шоолохоор хэмжээний нүд хальтрам “эд” овоолсон байна лээ.
Хаанаас гуйгаад, эсвэл ухаад гаргаад ирсэн юм бэ гэж дуу алдмаар энэ гоо зүй, үзэл сурталгүй “эд”-ийг сошиал хэрэглэгчид бүх цаг үеийн хамгийн шилдэг сүлд модоор тодруулчихсан баахан шэйр хийцгээж харагдсан. Үүнээс өөр доромжлол, онигоо гэж юу байхав. Баахан мод овоолоод саагаа ороочихсон энэ сүлд модыг ямар даргынх нь санаачилгаар, хэн гэгч нөхрийн бүтээл байсныг одоо бараг хайгаад ч хэрэггүй биз. Аягүй бол бас нэг “амьтан” ажилгүй болно биз.
Харин энэ Завханчууд уг “бүтээлээрээ” өөрсдийнхөө оюун санаа, гоо зүйн хөгжлийг ямар түвшинд байгааг нэг сайн илчлээд өглөө. Өөдлөх айл үүднээсээ гэгчээр Завхан нутгийн “жолоо” дээр ямар хэмжээний сэтгэл, зүтгэлтэй, мэдрэмжтэй хүмүүс сууж байгааг энэ зассан сүлд модноос нь амархан харж болно. Товчхондоо, бол ямар ч мэдрэмжгүй, сэтгэлгүй, ажлаа мэддэггүй, нутаг усныхаа нэр сүрийг боддоггүй тийм нөхдүүдийн хийсэн ажил байгаа нь ойлгомжтой.
Ер нь ч сүүлийн жилүүдэд хурдацтай уруудаж яваа Завхан нутгийн хөгжлийг энэ сүлд модоор бараг шууд тодорхойлж болох байх. Жил бүр 21 аймгийн өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргадаг судалгаагаар Завханчууд жилээс жилд л адгийн байр руу шигдсээр байна. Тодруулбал, 2019 онд өрсөлдөх чадварын үзүүлэлтээрээ 16 дугаар байранд бичигдэж байсан Завхан аймаг 2020 оны 9 дүгээр сард гаргасан судалгааны дүнгээр 18 дугаар байр руу унав.
Гэмт хэргийн гаралт, зам дэд бүтцийн хөгжлийн талаар яриад ч нэмэргүй. Бусад аймгууд бүх сумдаа гэрэл цахилгаанд холбож, ядаж гар урлал, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлж байна. Гэвч дөн өвлийн хүйтэн эхэлж байхад Завхан аймгийн төрөх эмнэлэгт нялх биетэй төрсөн эхчүүд хөнжил гудсаа нөмрөөд үрсээ хөхүүлж буй дүр зураг бас л Завханчуудыг шүүмжлүүлэв. Завханчууд ч гэхээсээ илүүтэй энэ аймгийн удирдан чиглүүлж яваа эрхмүүдийн байгаа үнэн дүр төрх бол энэ. Тэд ирэх жил аймгийнхаа үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойгоо тэмдэглэх ёстой. Саях шинэ жилээр төв талбайдаа зассан сүлд мод шиг ээ хачин зүйл хийх вий хэмээн айж буй хүн олон байх. Магадгүй 100 жилийн ойд зориулсан наадам нь овооны наадмаас дор юм болж хавийн хүний өмнө доог тохуу болж, Завханчуудаа ичээх вий дээ.
Ингээд эцэст нь Завханы сүлд модтой холбоотой сошиал хэрэглэгчдийн хөгжилтэй постуудыг хүргэж байна.