Кино урлагийг дэмжих тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Энэ хуулийг 2021 оны долдугаар сарын 2-ны УИХ-ын чуулганы хуралдаанаар эцэслэн баталсан юм. УИХ-ын дарга Г.Занданшатар хууль батлагдсантай холбогдуулан хэлсэн үгэндээ Монгол Улс түүхэндээ анх удаа Кино урлагийн тухай хуультай болж байгаа талаар онцолж байсан юм.
Кино урлагийг дэмжих тухай хуулийн онцлох заалтуудаас хүргэж байна.
-Кино бүтээх үйл ажиллагааг төрөөс дэмжих зориулалт бүхий Кино урлагийг дэмжих сантай болно.
-Кино зураг авах зориулалттай төрийн өмчийн барилга байгууламж, шаардлагатай тоног төхөөрөмжийг монгол болон хамтарсан кино бүтээхэд хөнгөлөлттэй нөхцөлөөр ашиглуулна.
-Олон улсын кино арга хэмжээнд амжилт гаргасан уран бүтээлчид мөнгөн шагнал олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт кино бүтээх зорилгоор ирэх гадаадын иргэн, харьяалалгүй хүнд тусгай ангиллын виз олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд дангаараа болон Монгол Улсын хуулийн этгээдтэй хамтран олон улсад түгээх зорилгоор кино бүтээх тохиолдолд зардлын тодорхой хувийг буцаан олгоно.
-Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын хуулийн этгээд кино зураг авалт хийхэд 500 000 америк доллар буюу түүнээс дээш хэмжээний хөрөнгийг шаардлага хангасан дараах зардалд зарцуулсан нь буцаан олголт тооцох урьдчилсан нөхцөл болно.
-18 ба түүнээс дээш насныханд зөвшөөрөх ангиллын киног өдрийн цагаар буюу 06.00-22.00 цагт өргөн нэвтрүүлгийн болон кабелийн телевизээр нэвтрүүлэхийг, кино театр, үзвэрийн цэг, үзвэрийн танхимаар насанд хүрээгүй хүнд үзүүлэхийг хориглоно.