Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвлийг “ӨНТЭЙ“ давахад туслах ШҮЛГҮҮД

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
11 минут 33 секунд

Нэг ес эхэлж, нэг л сэтгэл жиндээд байдаг энэ өдрүүдэд ганцаардана гэдэг юутай хэцүү. Яг л ийм өдрүүдэд тэд л надад хань болдог, аль эсвэл тэдний энэ бүлээхэн, энгийн хэдэн үгс дулаацуулдаг байж болох юм. Хүйтэн хотын гудамжаар хөлхөх халуун зүрхтэй хүмүүс ч мөн адил ийм мэдрэмжид автдаг гэдэгт итгэнэм. Иймээс та бүхний зүрхийг бүлээцүүлэх ШҮЛГҮҮДИЙГ толилуулъя.

Мө. Батбаяр

***

Анхны цас

Түлээний модон сүхийг хучжээ

Аавдаа дулаан гутал явуулмаар өглөө еэ

***
Ай, өвөл болчихжээ, нуур хөлдөөд
Амар загасны нүд гүнээс нь тусахаа больжээ.
Хөлдсөн Хар-Ус нууран дээр гайхаж зогсоход
Хүйтэн сарны гадарга дээр шөнөөр буусан шиг,
Хулсны нөмрөөс захчин айлын утаа хүжлээд
Түрүүхэн унтарсан галт уулынх ч шиг,
Хүн малын бараа алсарч
Шинэ дээлтэй эрчүүл л эрэлд шогших нь элбэгшээд
Шилбийг нь уртхан тавьсан одончуу дээлийн хос мөнгөн товч
Шагшуурган дунд шигэр шигэр харших нь
Хоёр хөөрхөн шувуу л тэнд шивнэлдээд байх шиг санагддаг.
Төдхөн хурган лоовуузны бүч сугсалзсаар
Товчноосоо дуугүй хүрлэгэр эр гарч ирэхэд
Эмээлийнх нь зандан яр үе үехэн “мишилзээд”
Эзнийхээ өмнөөс ярьж байх шиг харагддаг.
Нууранд өвөлжиж байгаа айл гэдэг хунгаас өөрцгүй
Нууцгай, дуугүй, тэгээд хавар болохыг тэд л
Тэнгэрийн дор хүлээж байх шиг бодогддог.
Харь ертөнцийн хөлөг шөнөөр ирээд буцахдаа
Хаяад явчихаж гэмээр л харагддаг даа,
гаднах морин чарга нь...
Мөс аччихаад түүнийг чирч гэлдрэхэд
Мөс чанарыг хэн нэгэнд хүргэж яваа шиг сэтгэгддэг.
Ай, тэгээд Хар-Ус нууран дээр
өвөлжиж байгаа хүн гэдэг
Ариухан лянхуа цэцгээс өөрцгүй болж хувирдаг даа.
Буртаг үгүй цагаахан дэлбээн дунд минь
Будда хөнгөхөөн завилах нь мэдрэгддэг дээ.

***
Хүсэл мартагдсан хойноо биелэх шиг
Хүний ертөнцөөс буснисан хойноо санагдах
Хүндэт ах таныхаа амрыг эрье,
Сайхан хаваржиж байна уу?
Манайхан цөм сайн.
Малаа маллацгаагаад л,
Дөрвөн цагийн хүрдэнд нүүж
Дуу аялсхийн, ханаа дугуйлцгаагаад л ...
Та харж л суугаа байлгүй.
Хүүхдүүд тань том болцгоосоон
Гурав нь гэрлэж үрээ тэвэрсэн, та мэдээ л байлгүй...
Цагаан сараар манайд золгож ирсэн шүү.
Нүдээр тань инээцгээсэн улс л даалуудаж, даалуудаж
явсан.
Хажууд нь би удаан сууж хамт наадаж чадаагүй.
Түлээ, түлш гэсхийн байн байн гарч
Тэгээд аргал авч суухдаа жаахан жаахан уйлсан.
Таныг өнгөрдөг тэр жилийн намар
Танай хоёртой хамт би сургуульд орсон доо
Тэгэхэд ээж надад: "Тэр хоёрынхоо дэргэд аав гэж
битгий яриарай хүү минь гэж захисан."
Би яриагүй ээ...
Буцаагаад босгоод ирэх юм шиг л тайтгаруулж явсан.
Тээр жилийн намар ам минь гэмтэхэд
Амгайгаар нь домнож эдгээсэн
Товруу мөнгөн хазаараар том хүү тань
Наадам болгоноор л гоёж яваа харагддаг юм.
Надад бол гангараа гэхээсээ
Агтны толгойд хүнддэсхийсэн
Аавгүй эр хүний гуниг л үзэгддэг юм.
Үүгээр өөр сонин юмгүй дээ,
Эмээ, өвөө бас Хоролоо эгч маань өөд болсон.
Та нар уулзаа л байлгүй...
Ирж, очиж байхгүй юу даа...

Л.Өлзийтөгс

Шөнө дунд цас орж байна

Хав хар тэнгэрээс цагаахан од дусална

Харанхуйд хэн нэг нь уйлж байна...

Энэ яасан сэвсгэр зөөлөн!

Энэ яасан сэрүүн аниргүй!

Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ

Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байна

Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг...

Шөнө дунд цас орж байна

Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч хэн нэг нь аяархан санаа алдаж байна

Яагаад ч юм гуниг... харанхуйн цасны гэгээнд

Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна.

***

Үстэй малгайн дороос

Үстэй алчууран дороос

Уруул, нүд харагддаггүй болохоор

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Цасанд даруулж бөхийсөн хүмүүс

Цантсан, бүрхүүлт, бүүдийсэн хүмүүс

Царайгаа харуулалгүй гудамжинд зөрөх

Царайлаг ч байж мэдэх хүмүүс

Өө, өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг

Хүйтнээс нуугдсан дулаахан үг

Хүмүүсээс ичсэн нүцгэн мод…

Хаана байна аа, тэр улаан, ногоон

Хаа сайгүй л цагаан.. цагаан

Өвөл чамд гунигтай санагддаг уу?

Өвөл надад гунигтай санагддаг.

Э.Бүжинлхам

Цас орж байна ээж ээ

Цас орж байна ээж ээ,

Хоёулаа аавын тухай ярих уу?

Цантай цонхон цаана

Инээмсэглээд л зогсож байгаа юм шиг

Санагдаад байна,

Өөрийнх нь тухай дурсан ярихыг

Хүлээгээд л байгаа юм шиг

Өрөвгөр жаалхан болжморуудыг

Өвөртөө дулаацуулах

Өвгөн модны дүрээр

Ширтээд байгаа юм шиг

Санагдаад байна!

Ээж ээ, та битгий уйл л даа

Эсвэл хоёулаа өөр зүйл ярих уу?

Уйтгар гэдэг хуучрах тучмаа

Улам л гунигтай болдог юм байна

Тийм ээ? Ээж ээ!

Сэтгэл гэдэг яг л газар шиг

Хавар бүхэн л

Ханзардаг юм байна

Тийм үү! Ээж ээ?

Ээж ээ, тээр хацар дээр чинь

Нулимс бөмбөрөөд зогсохгүй нь

Ингээд л би тандаа шүлэг бичиж

Зүрхэлдэггүй юм шүү дээ!

Урагдаж байж л бичдэг

Энэ хэдхээн мөрийг үлдээхийн төлөө

Ургуулж өсгөсөн ижийгээ

Уйлуулчихдаг би мөн азгүй хүн ээ!

Ээж ээ, ээж ээ!

Хайр гэдэг нь энэ юм уу ээж ээ!

Халуун, давстай, усан зүйл байдаг юм уу?

Аавыг, алиахан гурван үрээ та уйлж хайрласан болохоор

Амт нь эсвэл надад ингэж санагдаад байгаа юм уу?

Ээж ээ!

Ээж ээ, цас ороод л байна!

Цаашаа таны тухай шүлэг бичье гэвч

Та уйлна гэхээр даанч надад

Хэтэрхий их гунигтай байна!

Д.Баттогтох

Чиний, бороо тоссон алга чинь
Дөнгөж ниссэн шувууны үүр шиг халуухан юм
Чиний, нар ичээсэн харц чинь
“Дөрвөн уул”-ын цэнхэр аялгуу шиг бүлээхэн юм.
Чи
Одтой шөнөөр олж хараагүй од юм
Чи
Одоо хүртэл бодоод санаанд минь ороогүй шүлэг юм.
Чи миний сэтгэлд тооноор унах цасан ширхэг мэт буусан
Би чиний буух замаар гэртээ харьж явсан
Хэзээ ч билээ нойрондоо сонссон үгийг минь чи шивнэж
Хэлсэн үгнээс чинь миний тарьсан алимын модны цэцэг үнэртэж байсан
Аньгсан нүд чинь сарны царай шиг санагдсан
Анхандаа би чамайг сарны л охин гэж бодсон
Гараас минь атгаж “Одоо л чамайг оллоо” гэж хэлээгүй бол
Гарцаагүй л сарны охин гэж бодох байсан.
Чи
Шөнөжин зүүдлээд хүрч чадаагүй холын хол эрхэс юм
Чи
Шүүдэрт нуугдаж бодолд минь өртөөгүй шүлэг юм
Чиний сул асгарсан үс чинь
Үдэш орсон борооны дуслууд шиг энхрийхэн, ижилхэн юм
Чиний сулхан инээсэн нүд чинь
Үнэхээрийн яруу болоод миний огт үзээгүй цэцэг юм

Д.Нямсүрэн

Буй биеэрээ би цас болно

Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно

Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно

Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно

Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно

Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно

Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно

Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ

Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…

Ц.Доржсэмбэ

"Цас, бороо"

Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч цас орсоор л байна
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дуртатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...

Ц.Дэлгэрмаа

Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…

Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас

Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нээ...

Л.Ганзул

Эгшиглэнгийн цэнхэр ертөнцөд надаас холдох гэхдээ

Эхлээд чи гараараа алгадсан

Үүлэн нүүхийн хоромд эргээд ирэхэд минь

Үгээрээ алгадсан

Сарны гэгээ залгин халамцаж хоноход

Салхиараа алгадсан

Сул аялгуу шүлгэндээ бөмбөрүүлж алс суухад минь

Сургаараа алгадсан

Хачин их саначихаад хавраар зочлоход минь

Харцаараа алгадсан

Намрын дунд сарын билэгт өдөр харин

Намайг чи сүүлчийн удаа тоосоороо алгадсан

Чандага цагаан орчлонд хүнийх болохоосоо өмнө

Час улаахан гэрэлтэй зовлон байсан чи

Шар дурдан гуниг энгэрт нэвчүүлээд одохдоо

Шаналан туучин ирдэг жаргал болсон чи

Дэндүү ариун хайрыг минь чи

Дэлхийгээр нэг цацаагүйсэн бол

Эвийлэх ганцхан ижийгээ мартан чамайг хайрлаж

Энэ орчлонд би нүгэл үүрэх байж дээ

Чамд би гомдох эрхгүй...

Б.Баясагалан

Жаргаж явахдаа хааяахан гаргаж харж баймаар
Сайхан гүн шархтай боллоо, баярлалаа.
Ийм шархны ард бас жаргаж чадна гэж боддог
Эрмэг хүн ирмэгээсээ жаахан л эмтэрлээ, зүгээр ээ.
Гунигтайдаа хувааж татсан тамхины иш шигээ
Гудамжинд хөглөрөөд л үлдэх дурсамжууд бид бүтээжээ.
Агаарт нь хүртэл чиний үнэр шингэсэн энэ хотыг
Ардаа үлдээж түвдэлгүй өдийг хүрлээ, явна аа.
Санаж гэгэлзэхээрээ гаргаж харж баймаар
Сайхан дурсамж бидэнд ховор шүү дээ, гайхмаар аа
Уулзахсан, харахсан гээд зориод ирье гэхнээ
Улаанбаатарын гудамжууд аанай л хоосон шүү дээ, гашуун аа.

АН-ын дарга С.Эрдэнэ: М.Тулгатад хариуцлага тооцох асуудлыг ярина
АН-ын дарга С.Эрдэнэ: М.Тулгатад хариуцлага тооцох асуудлыг ярина
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.