УИХ-ын намрын ээлжит чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр төслийг соёрхон батлах тухай хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуун хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Бид өнөөдрийн байдлаар 1.2 тэрбум ам.долларын зээлийг гадаадаас гуйж авч байна. 100 сая ам.доллараар хэдэн зам янзална гэж байгаа. Зээл авч болно. Энэ 100 сая ам.доллараар юм босохгүй. Нийслэлийн бодлого төлөвлөлт үеийн үед байгаагүй. М.Энхболдоос эхлээд балаг тарьсан. Түгжрэл, утаа зэрэг бүх асуудлууд тэндээс эхлэлтэй. Та бидний баталж өгсөн 420 тэрбумын 120 тэрбумаар нь газар чөлөөлнө. 100 сая ам.доллар үрэн таран болно.
Гудамж төсөл гээд аятайхан юм байсныг Сангийн яамд өгсөн байна. Хийж байсан юмыг нь үргэлжлүүлээд хийлгэ л дээ. 420 тэрбум дээр 100 сая ам.доллар буюу 300 орчим тэрбум төгрөг болно. 720 тэрбум төгрөгийг яг хэрэгтэй зүйлд нь зарцуулах хэрэгтэй" гэв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Газар чөлөөлөлт, хот төлөвлөлтийн асуудал 1990-ээд оны нийгмийн өөрчлөлтөөс хойш замбараагүй болсон. Газар чөлөөлөлт хийхгүйгээр хотын асуудал хөгжинө гэж ер байхгүй юм билээ. Нэг жилийн хугацаанд энэ асуудлыг судлахад өөр аргагүй юм билээ. Газраа аль болох л өндөр үнээр өгвөл болно гэсэн сэтгэхүй манай ард иргэдийн дунд суусан учир төртэйгээ ойлголцоод явахгүй байна. Ийм учраас энэ дүнгээр газар чөлөөлөлтийн асуудлыг оруулж ирж байгаа" гэв.