Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Ипотекийн зээлийг сунгаснаар зээлийн гаралт удааширна гэх эрсдэл байхгүй

Огноо
Унших
2 минут 48 секунд

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Цар тахлын хуулийг хэлэлцэж, зургаан сараар сунгах нь зүйтэй гэж үзжээ. Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан "Ковидын хуулийг зургаан сараар сунгах саналаа УИХ-д өргөн барихаар боллоо. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар ипотекийн үндсэн төлбөр болон хүүг хуулийн үйлчлэх хугацаанд сунгаж болно гэх заалттай байгаа. Тэгэхээр тус заалтыг цаашид зургаан сар хэвээр үргэлжлүүлэх саналыг Засгийн газар УИХ-д өргөн барьж байна гэсэн үг. Гэхдээ энэ хугацаанд зээлдэгч нар үндсэн зээлээ, хүүгээ ч төлөөд явах бүрэн боломжтой. Төлөх тусам л зээлдэгч нарын хувьд төдий хугацаанаас наана байр, байшин нь өөрсдийнх нь мэдэлд ирнэ л гэсэн үг.

Монголбанкнаас мэдээлэл хийхийг сонссон. Банкны системийн хяналтыг тавьж буй институтын хувьд тэгж хэлэхээс өөр аргагүй. Гэхдээ Засгийн газар бүрэн эрхийнхээ хүрээнд цар тахлын хуулийг сунгах саналыг УИХ-д өргөн барьж байгаа юм. УИХ дээрээс тус асуудалд улс төрийн дэмжлэг үзүүлнэ гэдгээ Даваа гарагт болсон хурлын дараагаар мэдэгдсэн шүү дээ. Хууль өргөн барих эрх бүхий субъект нь Засгийн газар. Энэ хүрээндээ хуулиа өргөн барьлаа.

Хоёр жилийн хугацаанд энэ байдлаар төлөгдөж ирсэн. Үргэлжлүүлэн зургаан сар сунгалаа гээд банкуудыг алдагдалд оруулсан зүйл байхгүй. Зургаан сарын хугацаанд ямар нэгэн эрсдэл гарахгүй байна гэж бид бодож байна.

Эх үүсвэрийн хувьд нэг төвтэй, ипотекийн систем шүү дээ. Тэгэхээр МИК болон банкуудаас эх үүсвэр нь гарч байгаа. 10 их наядын хөтөлбөрийн хүрээнд ипотекийн зээл бол томоохон зээлүүдийн нэг. Ипотекийн зээл энэ жилийнх шиг ийм өндөр хэмжээнд гарч байгаагүй. Барагцаалбал, 750 тэрбумын ипотекийн зээл гарсан. Энэ хугацаанд ч ипотекийн зээлийг сунгаж байсан. Тэгэхээр ипотекийн зээлийг сунгаснаас болж тус зээлийн гаралт удааширна гэх эрсдэл байхгүй.

Төлөх сонголт нь иргэдэд өөрсдөд нь байгаа. Хэрвээ боломжтой байвал төлөөд явах нь зээлдэгчид эдийн засгийн хувьд хохирол багатай. Зээлийн хүү болон үндсэн зээл хуримтлагдахгүй" гэлээ.

УОК: Омикрон хувилбарын огцом давлагаа үүсвэл хорио тогтоохыг үгүйсгэхгүй
УОК: Омикрон хувилбарын огцом давлагаа үүсвэл хорио тогтоохыг үгүйсгэхгүй
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.