Жаргалант сумын нутаг дэвсгэр дээр газар шорооны ажил хийж байсан Ховдын өргөө ХХК-ний ажилчид 10,000-15,000 жилийн өмнөх үед хамаарах шувууны өндөг олсон байна. Энэ нь судлаачдын таамаглаж байгаагаар сүүлчийн мөстлөгийн /10-15 мянган жил/ үед холбогдох эртний шувууны 17,3 см өндөртэй, өндөрийн тойрог нь 50,5 см, хэвтээ тойрог нь 45,5 см, 349гр жинтэй бүтэн өндөг юм. Магадгүй энэ өндөг нь тэмээн хяруул шувууных байх магадлалтай гэж үзэж байгаа аж.
Ховд аймгийн Гурван Цэнхэрийн агуйн хадны зосон зурган дээр Тэмээн хяруул шувуу дүрслэгдсэн байдаг бөгөөд ийнхүү тус олдвор олдсоноор Алтайн өндөр уулсын дунд Тэмээн хяруул шувуу амьдарч байсныг палеонтологийн олдвороор батлах боломжтой болж байна. Олдворыг орон нутгийн судлаачид Монголын палеонтологийн хүрээлэнд хүлээлгэн өгчээ.
С.Сувдансондор