УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хуралдаанаараа ковидын хуулийг зургаан сараар сунгахыг дэмжсэн болохоо мэдээлсэн. Энэ хуулийн дагуу Засгийн газрын түвшинд тооцоход гурван яамны төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, агентлагийн хэлтэс, газрын дарга зэрэг 90 гаруй хүн сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилогдсон талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлсэн.
Тэгвэл ковидын хууль батлагдсанаас хойш төрийн албанд томилогдсон нийт 1036 алба хаагч байгаа аж. Эдгээрийн дийлэнх нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудад томилогдсон албан тушаалтнууд байгаа юм. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт эдгээр 1036 алба хаагчдын нэрсийг ил гаргах зорилгоор Төрийн албаны зөвлөлд асуулга тавьжээ. ТАЗ хуулийн дагуу 30 хоногийн асуулгын хариуг өгөх юм.