Соёлын яамнаас зохион байгуулж буй “Бүтээлч сар”-ын хүрээнд Үндэсний номын баярыг Архангай аймагт 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгууллаа. Энэ өдөр 30 гаруй зохиолч, яруу найрагч Архангай аймагт ирж, номын баяр болон Халхын анхдугаар Зая бандида, билгүүн номч, соён гэгээрүүлэгч, яруу найрагч Сунтарын Лувсанпринлэй хутагтын нэрэмжит “Хангайн цом 2021” яруу найргийн наадамд оролцсон юм.
Соёлын яамны Соёл гэгээрлийн газрын ном, хэвлэл хариуцсан мэргэжилтэн О.Сундуй: Соёлын яамнаас бодлогоор 11 дүгээр сарыг соёлын “Бүтээлч сар” гэж зарласан. Энэ сарын гол зорилго нь ард түмнийг соён гэгээрүүлэх, урлагаар сэтгэлийг ариусгаж, соёл гэгээрлээр хүмүүний сэтгэлийг амар амгалан, сайн сайханд аваачих юм. Үүний нэг нь номын баяр. Төрийн бодлого болон "Алсын хараа 2050" номд монгол хүний үнэт зүйл яаж төлөвшин тогтох вэ, үүнийг шилдэг сайн ном бүтээлээр хэрхэн ариусгаж, ухаарал, гэгээрэл авч ирэх ёстой вэ гэдгийг харуулсан байдаг. Номоор дамжуулж хүний сэтгэлийг бүтээдэг гэдэг бодлого чиглэлээр энэ үйл ажиллагааг зохион байгууллаа. Номыг бүтээгч зохиолчид маань өөрсдөө хамт явж, өөрсдийнхөө бүтээл туурвилыг хэрхэн бүтээснээ уншигчдадаа ярьж таниулж байгаа нь давуу талтай. Мөн манай хэвлэлийн газрууд оролцож, аймаг орон нутагт тэр болгон хүрч чадахгүй байгаа шинэ соргог ном бүтээлүүдийг хүргэж байна. Энэ үйл ажиллагаа нь зөвхөн ном худалдаж буй зүйл биш юм. Хүний сэтгэлд энэ үйл ажиллагааг хэрхэн хүргэх вэ гэдэг нь чухал. Зохиолчид маань яриа, илтгэлүүд тавилаа. Өөрөөр хэлбэл уншигчдыг соён гэгээрүүлэх ажил нь илүү давамгайлж байгаа юм. Цаашдаа Өвөрхангай, Баянхонгор аймгаар явна. Ирэх онд ч үргэлжилнэ. Монголчууд өөрсдөө уншигч ард түмэн байсан, цаашдаа ч уншигч ард түмэн хэвээрээ байх болно. Тийм байж хүний сэтгэлд сайн сайхан зүйл тогтдог. Энэ үйл ажиллагааны үр дүн маргааш гарчихгүй юм. Хүн төрөлхтний жишиг үнэлэлт судалгааг харахад уншиж буй ард түмэн өөрсдөө сэтгэлийн зөв хандлагатай, чиглэлтэй байдаг байна.