Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэт үйлдвэр“ ТӨҮГ-ын серверийг мод үржүүлгийн компани хариуцна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 46 секунд

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ Мэдээлэл боловсруулах сервер нийлүүлэх 797,373,000 төгрөгийн тендерийг энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр зарлажээ. Тус тендерт "Вертексмон", "Ай Ти зон", "Алтантошлой", "Монтех дистрибьюшн", "Технологи сервис энд солюшн", "Блүүмвейв", "Юнити Дата Техноложи", "Тодгазар", "Саммиткомпьютер технологи" зэрэг 9 байгууллага өрсөлдөж "Тодгазар" ХХК шалгарчээ.

Тус тендерт IT чиглэлийн технологийн томоохон шийдэл санал болгох компаниуд оролцсон хэдий ч ногоон байгууламж нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Тодгазар" ХХК шалгарсан нь анхаарал татаж байгаа юм. Тус компани нь 2007 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд гадаад худалдаа, мод үржүүлэг зэрэг үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага аж.

Мөн санал болгосон үнийн дүнг харьцуулан үзэхэд дийлэнх компаниуд 220-294 сая төгрөгийн хооронд үнийн санал болгосон бол "Тодгазар" ХХК 349 сая төгрөгийг санал болгосноор шалгарсан байна. Цахим технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон компаниуд хямд үнэ санал болгосон ч тендерт шалгараагүй атал тэс хөндлөн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани илүү үнийн дүн санал болгож шалгарсан нь далд найраа болсон гэх хардлага төрүүлж байна.

Хоёрдугаарт, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ тухайн ажлын төсөвт өртгийг 797,373,000 төгрөгөөр тогтоосон нь хэт өндөр дүн байгаа юм. Шалгарсан "Тодгазар" ХХК нь 349 сая төгрөгийн санхүүжилтээр тухайн ажлыг гүйцэтгэх бөгөөд энэ дүн нь "Эрдэнэт үйлдвэр"-ээс зарласан эхний үнээс даруй хоёр дахин бага үнийн дүн байгаа юм. Үүгээрээ төсвийн тооцоолол, судалгаа тааруу хийж буй нь харагдаж байгаа юм.

Монголбанк, Цагдаагийн ерөнхий газар, "Хаан банк" зэрэг томоохон байгууллагууд болон бусад төрийн байгууллагуудын серверт халдсан халдлагуудын хэрэг одоо ч намжаагүй хэвээр байна. Жишээ нь "Хаан банк"-ны серверээс Монголын 2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан хэрэг гарсан. Гэтэл Монголын хамгийн том уул уурайн үйлдвэрүүдийн нэг болох "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын серверийг ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанид хариуцуулбал дээрх шиг элдвийн халдлага орж ирэхийг үгүйсгэх аргагүй юм.

О.Жаргалбаяр

Т.Доржханд: Улсын төсөв 76 тойрог руу тараагдаж, хөшөө дурсгал болж байна
Т.Доржханд: Улсын төсөв 76 тойрог руу тараагдаж, хөшөө дурсгал болж байна
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.