МҮБХ-ноос дөрвөн бөхөөс допинг илэрсэн талаар мэдээлсэн билээ. Гэвч одоогоор допинг илэрсэн бөхчүүдийн нэрсийг олон нийтэд ил зарлах боломжгүй хэмээн мэдэгдсэн. Энэ жил шөвгийн 16-д шалгарсан бөхчүүдээс гадна улсын арслан Э.Оюунболд, Ц.Содномдорж нар өөрийн хүсэлтээр допингийн эсрэг шинжилгээ өгсөн юм.
Допингийн эсрэг шинжилгээний хариугаа авсан эсэхийг тодруулахаар Улсын арслан Ц.Содномдоржтой холбогдоход “Монголын үндэсний бөхийн холбооноос надад шинжилгээний хариуг мэдэгдээгүй байна. Би чинь сайн дураараа шинжилгээ өгсөн шүү дээ. Надад янз бүрийн асуудал баймааргүй л юм” гэлээ.
Эргэн сануулахад, Наймдугаар сарын 17-ны өдрийн барилдаанд Ц.Содномдоржийг гурвын даваанд, Монгол Улсын аварга цолтой барилдаж байсан Улсын арслан Э.Оюунболд амлан авч өвдөг шороодуулсан. Улмаар Ц.Содномдорж, Улсын арслан Э.Оюунболдыг допингийн шинжилгээ өгөхийг шаардаж нэлээдгүй маргаан дэгдээгээд байсан юм.
Тус барилдааны дараа Ц.Содномдорж "Монгол бөхийн дэвжээнээс явах цаг минь болсон юм шиг байна" мэдэгдэж байсан юм. Уг мэдээллийг энд дарж уншина уу.