Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө.
Өчигдрийн барилдаан гурвын даваанаас хойш хэл ам ихтэй барилдаан болсон юм. Сонордуулахад Монгол Улсын аварга Э.Оюунболд гурвын даваанд Монгол Улсын арслан Ц.Содномдоржыг амлан, өвдөг шороодуулсан. Харин тухайн барилдааны өмнөхөн Ц.Содномдорж нарын бөхчүүд "Допингийн асуудалд орооцолдож, хариуцлага хүлээгээгүй бөхтэй барилдахгүй" хэмээн эсэргүүцэл илэрхийлж байв. Мөн хэн хэн нь өвдөг шороодсоны дараа "хоёулаа допингийн шинжилгээ өгье" хэмээн Э.Оюунболдод санал тавьж, шахалт үзүүлж байсан юм.
Тэгвэл бөхийн барилдаан дууссаны дараа арслан Ц.Содномдорж өөрийн цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийллээ.
Тэрбээр "Монгол бөхийн дэвжээнээс явах цаг нь болсон юм шиг байна. 17 жил ард түмнээ хуураагүй, үнэн шударгаар барилдсандаа сэтгэл хангалуун байна. Монгол бөхөө дэмжиж ирсэн монголын ард түмэндээ маш их баярлалаа" хэмээжээ.
Ташрамд дурдахад түүнийг гурвын даваанд амлан авч өвдөг шороодуулсан Э.Оюунболд аваргын хувьд, Өмнөговь аймгийн харъяат аймгийн арслан Э.Нямаад тавын даваанд өвдөг шороодсон билээ. Уг хоёр бөхийн барилдаан олны шүүмжлэлийг ихээхэн дагуулсан барилдаан болж өндөрлөсөн.