"Рио Тинто"-гоос Засгийн газарт тавьсан дөрвөн шаардлагын талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тодрууллаа.
-"Рио Тинто"-гоос Засгийн газарт тавьсан шаардлагыг та хэрхэн харж байгаа вэ?
-Рио Тинтогоос манай Засгийн газарт "450 тэрбум долларын ашиг өгөөд 2051 он хүртэл ногдол ашиг нэг ч удаа авахгүй. Ингэснээр 2051 он хүртэл 22 тэрбум долларын өрөнд орно. Харин үүнээс 1.6 тэрбум долларын өрийг тэглэе гэсэн бичиг өгсөн байна лээ. Мөн “700 сая доллараа яаралтай төл. Цаашид хүүлсэн хэвээр байх болно гэдгийг хүлээн зөвшөөр" гэсэн бичиг өгсөн байна лээ. Энэ нь сайн талтай. Учир нь 22 тэрбум доллараа авна гэж дайрдаг байсан хүмүүс ядаж 70 хувь болгосон. Бид арай дэндүү луйвар хийсэн байна гэдгээ хүлээн зөвшөөрч буй явдал юм.
-Хөрөнгө оруулалтын гэрээнд өөрчлөлт оруулах шаардлага бий юу?
-Миний зүгээс анхнаасаа хөрөнгө оруулалтын гэрээг өөрчилж, Монголд ашигтай болгоё гэдэг байр суурьтай байсан. Энэ байр суурь маань хэвээрээ байгаа. Луйврын гэрээнээс үүдсэн луйврын өр төлбөрөөс жоохон ч гэсэн өршөөл гуйдаг ард түмэн бид биш. Мөн тэд захиандаа "Та нар ядарч, өлсөж, зовж, ажилгүй байгаа. Тиймээс та нарт нэг их наядын мөнгөн тусламж, өршөөлийг өгье. Гэхдээ луйврын гэрээг өөрчлөхгүй" гэсэн байсан. Бид баялагийн эзэд. Энэ баялгийг хамтарч эзэмшиж, хамтран бизнес хийж байгаа бизнесийн партнерууд. Гуйлга хийдэг хүмүүс биш. Шударга бизнесийн зарчимтай байхыг шаарддаг. Нуулгүй хэлэхэд, үе үеийн олон ерөнхийлөгч нар Монголын ард түмнээс урваж, Рио тинтод үйлчилж байсан. Одоо ч гэсэн зарим нь тэднээс цалин аваад сайхан амьдарч байгаа.
Н.Энхбаяр дарга, Ерөнхийлөгч асан Х.Баттулга нар Монголын төлөө гэж тэмцсэний төлөө дандаа албан тушаалаасаа хусагддаг. Өнгөрсөн хоёр жилийн үр дүнд эд нар хэлэлцээр хийхээр оролдож байсан. Олон улсын буюу таван улсын шүүх дээр сөрөг нэхэмжлэл очсон. Монголын тал ялах магадлал өндөр байгаа учир Рио Тинто "Сөрөг нэхэмжлэлээ татаж өгөөч. Би та нарыг хууль ёсны дагуу хахуульдъя гэж хэлж байгаа юм. Хаалттай хаалганы цаана Дубайд очиж хахуульддаг байсан. Би хахуульддаг гэдэг үгийг албан ёсоор хэлж байна. Энэ үгнийхээ төлөө хариуцлагатай мэдэгдэл хийж байна.
-Хөрөнгө оруулалтын гэрээний аль хэсгийг өөрчлөх хүсэлтэй байгаа юм бэ?
-Хөрөнгө оруулалтын гэрээнд гурван зүйл өөрчлөхийг шаардаж байна.
Нэгдүгээрт, 34 хувийн луйвраа зогсоох,
Хоёрдугаарт, 34 хувийг монголчууд баялгаар тэнцүүлж авах,
Гуравдугаарт, монголчуудын талаас төлөөлөн удирдах зөвлөлийн хяналтыг сайжруулах ” гэлээ.