Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв. Тэрбээр "Өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд хэд хэдэн чиглэл өглөө. Иргэдийг гуравдугаар тунд уриалах, мөн ирэх сарын 1-нээс урлаг, спортын үйл ажиллагааг заал дүүргэлт 50 хувьтай нээх, түр журмыг өөрчлөх зэрэг чиглэл өгч байна.
Коронавирус анх дэгдэж байсан хувилбараасаа хэд хэдэн удаа мутацилагдсан. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулж буй. Манай улсын хувьд 5, 6 дугаар сард альфа хувилбар давамгайлан тархаж, вакцины үйлчлэлийг тодорхой хувиар бууруулж байсан. Харин наймдугаар сарын сүүл, 9, 10 дугаар сарын давалгаанд дельта хувилбар 90 хувь давамгайлж байна. Энэ нь вакцины үйлчлэлийг бууруулаад зогсохгүй, биед нь тогтсон дархлааг бууруулсан судалгаанууд бий. Тиймээс нэмэлт тун буюу гуравдугаар тунг хамруулж байна" гэлээ.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
-Хил хаагдсанаас болж эм, эмнэлгийн хэрэгслүүд тасалдаж байна. Үүнд хэрхэн анхаарч байна вэ?
-Ажлын хэсэг байгуулагдсан. Хэд хэдэн боомтуудад гацсан эм, эмнэлгийн хэрэгслүүдийг яаралтай татан авах үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаад арга хэмжээ авч байна.
-Ирэх сарын 1-нээс урлаг, спортын арга хэмжээг нээнэ гэж байна. Бас хариуцлагын гэрээ хийх үү. Ямар байдлаар зохицуулах вэ?
-ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцооллоор дельта хувилбар есдүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын эх хүртэл үргэлжилнэ гэж байсан. Одоо харьцангуй буурч байна. Гэхдээ тийм хурдан биш. Хөдөлгөөний эрч өндөр байгаа учир буурах нь удаан байна.
Үйл ажиллагааг нээх журамд тодорхой зохицуулалт бий. Үндсэндээ улбар шар түвшинд байгаа ч ААН-үүдээ дэмжих зорилгоор ажиллаж байна. Хариуцлагын гэрээ байна. Хүнд цаг үед аль аль нь хариуцлагатай байх шаардлагатай.