Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан дотоодын хүнсний хэрэгцээг хэрхэн хангах, түүний үнийг хэрхэн тогтвортой байлгах талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Энэ жилийн хувьд импортлогч орны нөхцөл байдал, ковидын нөхцөл байдал болон дотоодод гарч буй малын өвчлөлтэй холбоотойгоор махны үнийг тогтвортой байлгах бодлого шаардлагатай байна. Үүний хүрээнд энэ жилийн махны экспортыг хязгаарлах, дотоодын махны хангамжийг нэвтрүүлэх талаар Засгийн газар онцгой анхаарах шийдвэрт хүрлээ. Тиймээс цаашдаа он дуустал экспортод мах гаргахгүй.
Энэ жилийн ургац хураалт одоогийн байдлаар 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Гурилын үнийг тогтвортой байлгах чиглэлээр хоёр арга хэмжээ аван хэрэгжүүлэхээр боллоо. Гурилын үйлдвэрүүдэд улаан буудайн илүүдэл гарч байгаа. 100-150 мянган тонн стандартын шаардлага хангасан улаан буудайг Засгийн газар илүү гарч буй нөөцийг худалдаж авах, үүгээрээ дамжуулан газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг тогтвортой дэмжих шийдвэрийг гаргалаа. Нөгөө талаар гурилын үнийн өсөлтийг бууруулах зорилгоор үйлдвэрлэлийг дэмжих эргэлтийн хөрөнгийн эх үүсвэрийг яаралтай судлах үүрэг өглөө" гэв.