Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн шийдвэр гаргаж, сайд нарт үүрэг чиглэл өгч байна. Тодруулбал,
- Ирэх сарын 1-нээс агаарын хилийг тогтворжуулж, нислэг нэмэгдүүлэх чиглэлд ажиллахыг ЗТХ-ийн сайдад
- -Агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид МУ-д вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайдад даалгасан байна.
Тэрбээр "Б.Батцэцэг, Л.Халтар сайд нар арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн нээлттэй байгаа агаарын хилээ бусад улс орнуудтай хэлэлцээ хийж, хатуу дэглэмтэйгээр тогтворжуулах асуудал руу орох хэрэгтэй. Ялангуяа, урд хөршийн хил хаалттай, удаан хугацаанд үргэлжлэх нөхцөл байдал үүсч байгаа тохиолдолд агаарын хилийг давтамжтай байлгах нь зүйтэй юм.
Иргэдийн шүүмжлээд буй дабль стандарт гэгчийг гаргахгүй байхын тулд журмаа шинэчлэх хэрэгтэй. Шадар сайд С.Амарсайхан журмаа шинэчилж оруулж ир. Бичсэн журам зөрөөд эхэлж буй тохиолдолд журмаа шинэчилж, улбар шар, шар, ногоон байх хэрэгтэй. Нэмэлт тунд хүн амын 50 хувь нь хамрагдсан тохиолдолд ДЭМБ-ын зөвлөгөөнүүд гарах нь ойлгомжтой боловч шар түвшин рүү оруулах шийдэл гаргахад нийгмийн сэтгэл зүйг бэлдэх хэрэгтэй.
Эмнэлгийн байгууллага, эмч мэргэжилтэн, онцгой байдлын ажилтан, алба хаагчдын сэтгэл зүйг ч бэлдэж, бэлэн байдлыг хангах ёстой. Орон нутагт стандартууд өөр өөр байж болохгүй. Уг асуудлыг Шадар сайд нарийвчилж шийдэх хэрэгтэй.
Эрүүл мэнд, эдийн засгаа ч бодъё. Амаргүй цаг үеийн дундуур ажиллаж амьдарч байна. Иймд цар тахлыг хамтын хүчээр даван туулж, өдрөөс өдөрт энгийн амьдрал руу дасан зохицох тал руу иргэдээ уриалаад явцгаая" гэсэн юм.
Түүнчлэн хуралдааны үеэр агаарын хил тогтворжвол гадаадад вакцин хийлгэж амжаагүй Монгол иргэд болон жуулчид Монгол Улсад вакцин хийлгэж болох уриалга гаргахыг БОАЖ-ийн сайд Н.Уртнасанд даалгасан юм. Тэрбээр "Бусад улс орнуудад оочер дугаар нь их байгаа нөхцөлд дотоодын эдийн засагт мөнгөө оруулья. Зөвхөн Монголд ирж жуулчлал хийсний төлөө бид вакциныг нь үнэгүй тарина гэх сэдэл юм" гэлээ.