УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.
Тэрбээр "Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг аж. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдогоос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой" гэсэн юм.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн "Энэ хуулийг дэмжихгүй. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчдад тавьж байсан 100 мянган ам.долларын босгыг аваад 50 мянга ам.доллар буюу худалдаж авсан байраа үзүүлчихвэл эсвэл нэг үнэтэй машинаа үзүүлээд оршин суух виз авах нь. Тиймээс уг асуудлыг ҮАБЗ-өөр ярь. Хөрөнгө оруулалтыг татна гэдэг нь хийж чадахгүй, хийж чаддаггүй зүйлүүдээ татна уу гэхээс хавтгайруулаад л босгыг нь авч хаяад, хийж чаддаг зүйлээ булаалгаад зах зээлээ алдахыг хэлдэггүй гэж бодож байна. Хөрөнгө оруулалт гэдэг бол бодлогоор зохицуулагдана. Тодорхой шалгуурууд байх ёстой. Тэгэхгүй бол 3-хан сая хүн амтай. Хоёр гүрнээр хавчигдчихсан ийм л улс шүү дээ.
Гадны хөрөнгө оруулагч гэдэг далбаан дор дэвээд байж болохгүй. Эхлээд өөрсдөө, 50 мянган долларын хөрөнгө оруулж буй монголчуудаа өөд нь тат. Харийнханд өөрсдийгөө даатгах биш. Өөрсөддөө хувь заяагаа даатга. Хамтрах зүйл дээрээ хамтралгүй яахав. Тусгаар улс орон бол өөрсдийн гэсэн бодлого, зохицуулалт байх ёстой. 20 мянган цагаачийг байнгын оршин суугч болгож яах гээд байна вэ. Тэгээд бүр 50-хан мянган доллараар шүү дээ. Хэдэн зэвсэг худалдаж авахаас ч амраар оршин суух виз авах нь байна"
УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Ганхуяг "Цаашдаа хэлэлцээд явахдаа анхаарах зүйлс байна. Мөн заримыг нь Засгийн газрын тогтоолоор шийдээд явчихвал их амар болно. Түрүүн хэлсэнчлэн 100 мянган ам доллартай холбоотой хуулийн зохицуулалт байдаг боловч Үндэсний хөгжлийн хороотой уулзахад бодитойгоор 100 мянган ам.доллар Монголын эдийн засагт орж байгаа эсэх нь эргэлзээтэй гэсэн. Учир нь компани байгуулах мөчид оруулж ирчихээд буцаагаад авчихдаг гэсэн. Эсвэл нэг удаа 100 мянган ам.доллар зарцуулаад л 4-5 компани байгуулдаг гэх асуудал яригдаж байна лээ. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн байгууллага байхгүй. Яагаад 50 мянган ам.доллар, ажлын байр заасан бэ гэхээр өөрчлөлт хийх шаардлагатай. Учир нь байнгын үйл ажиллагаа явуулсан эсэхийг санхүүгийн тайлан, блансаас нь үздэг. Мөн тогтвортой ажлын байр бий болгосон уу гэдгийг нь шалгадаг болно" гэв.
Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Даваасүрэн гишүүний хэлж байгаа зөв. Зарим заалтыг нь хасах саналтай байгаа. Үүнийгээ ч хууль санаачлагчид хэлсэн. Хэрвээ энэ хууль дэмжигдээд хэлэлцэгдээд явбал байнгын хороонд анхаарч ажиллах болно" гэлээ.