Намрын дунд сарын жиндүүхэн орой усны төмөр тэргээ тэврэх шахуу барьсан ахимаг насны нэгэн эмэгтэй сайжруулсан шахмал түлш худалдаалж буй борлуулагчаас "Эгчдээ ганц шуудай нүүрс өгчих, маргааш картаа уншуулъя" хэмээн учирлангуй гуйн зогсоно.
Эмэгтэй мөнгөгүйн улмаас нүүрс гуйн зогсож буй нь энэ биш. Хүйтний улирал эхэлсэн энэ жиндүү үед шөнөдөө түлэх атга түлш авахын тулд социализмыг санагдуулам хязгаарлалттай карт ашигладаг ба тэр картаа жил бүр шинэчлэх шаардлагатайн дээр шинэчлээд ч нэмэргүй системийн гачигдлаас болж нүүрс борлуулагчийг царайчилж байгаа нь энэ.
Нийслэлчүүд бид сайжруулсан шахмал түлш гээчийг галлагааны түлшиндээ хэрэглээд хэдэн өвлийн нүүрийг үзэж буй. Гэтэл шалтгаан нь мэдэгдэхгүй хомстол үүсэж гэр хорооллын айлууд сүүлийн долоо хоног мод түлж өдөр хоногийг арай хийж өнгөрүүллээ. Сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийг өчигдрөөс жигдрүүлж байна хэмээн албаны хүмүүс мэдээлсэн тул бодит нөхцөл ямар байгааг сурвалжиллаа.
Картны асуудалтай гэх шалтгаанаар нэг гартаа бэлэн мөнгө, нөгөө гартаа усны тэргээ барьсан Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны иргэн С.Гэрэлмаа "Нүүрс авах гээд иртэл карт ажиллахгүй, хоосон буцахаар болж байна. Хорооноос хуучин картаа баталгаажуулаарай гээд байсан. Уг нь очоод баталгаажуулсан юм. Гэтэл бүртгэл нь ороогүй байна гээд нүүрс авч чадахгүй болоод байна. Тэргээ түрээд ирсэн юм хойно ядаж мод ачаад явъя. Хэдэн өдөр мод түлж байна. Нэг бол түлш нь тасарсан, нэг бол карт нь болохгүй гээд нүүрс авч чадахгүй л явна" гэв.
Сайжруулсан шахмал түлшийг долоон хоногт зургаан шуудайгаас дээш хэмжээгээр авахгүй байх хязгаартай. Тухайн хязгаарыг тогтоохын тулд карт ашигладаг журамтай. Гэтэл асуудалгүй ажиллаж байсан картыг гэнэт шинэчлэх шаардлага байв уу.
Түлшний хомстлын талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх "Хэрэглээнээс болоод цэгийн тоо цөөдөж дараалал үүсэж хүндрэл гарсан байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн цэгийн тоог 100, 100-гаар нэмэгдүүлж байна. Өнөөдрөөс (өчигдөр) 280 цэг ажиллаж байгаа бол маргаашнаас (өнөөдрөөс) эхлэн 380 цэг ажиллана" хэмээн мэдээлсэн.
Нөхцөл байдлын талаар сайжруулсан шахмал түлшний гэрээт борлуулагчаас цөөн зүйл тодрууллаа.
-Иргэд карт нь ажиллахгүй гэх шалтгаанаар их буцаж байх шиг байна. Карттай холбоотой асуудал их байна уу?
-Карттай холбоотой асуудал маш их гарч байна. Зарим хүмүүсийнх нь баталгаажаагүй, заримынх нь худалдаж авах эрх байхгүй гээд өгч болохгүй юм. "Тавантолгой түлш" ХХК-иас асуухаар ᠌"Бүгдийнх нь нээгдсэн. Систем хэвийн ажиллаж байгаа" гээд байна. Гэтэл бодит байдал дээр карт нь ажиллахгүйгээс болж түлшээ авч чадахгүй иргэд олон байна.
-Карт нь ажиллахгүй бол түлш авах ямар ч боломжгүй гэсэн үг үү?
-Картгүй л бол нэг шуудай ч нүүрс өгөх боломжгүй. Нэг л шуудайг картгүйгээр өгөх юм бол борлуулалт хийх эрх цуцална гэж байгаа.
-Өмнө байсан картаа яагаад шинэчилж байгаа шалтгааныг нийлүүлэгч байгууллагаас мэдээлсэн үү?
-Өмнө нь зүгээр үйлчилдэг байсан картаа албатай юм шиг хаачихсан. Хаасан картаа сэргээлгэх гээд очихоор "Танай бүртгэлтэй карт биш байна" гээд өгөхгүй байгаа. Тэгэхээр шинэ карт авах хэрэгтэй болно. Шинэ картаа 3000 төгрөгөөр худалдаж авна. Асуудалгүй ажиллаж байсан картаа 3000 төгрөгөөр сэргээлгэх хэцүү, байх хэцүү. Манай энэ хавиас зөвхөн энэ хорооныхноос гадна өөр олон газраас хүмүүс ирж түлш авч байна.
-Өмнөх өдрүүдэд түлшний хомстлын асуудал их байлаа. Өнөөдрөөс (өчигдрөөс) хэвийн болж байх шиг байна. Нийлүүлэлтийн асуудал шийдэгдсэн үү?
-Сүүлийн хоёр өдөр хүнд нөхцөл байдалтай байгаа. Өнөөдөр харьцангуй гайгүй байна. Өдөрт таван тонн түлш ирээд 30 минутын дотор дуусдаг байсан. Өнөөдөр харин 20 тонн буулаа. Үдээс хойш 18.00 цагийн үед 20 тонн буусан. Тэр нь 20.30 цагийн үед бараг дуусаж байна.
-Түлшний хомстлын шалтгааныг юу гэж бодож байна вэ?
-Ёстой мэдэхгүй юм. Нүүрс элбэг байгаа, хангалттай байгаа л гэх юм. Цэгүүд нээгдэж байгаа учраас нээгдэж байгаа цэгүүддээ өгч байна. Дараа нь танайд өгнө гэж хэлээд л алга болоод байсан. Өнөөдрөөс овоо хэдэн тонн илүү өгөөд байна.
-Цагийн хуваарийн хувьд хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Нүүрсээ дуустал л суудаг. Өглөө 06.00 цагт нээсэн. Одоо энд байгаа хэдийгээ дуусгаад бууна.
-Бодит нөхцөл байдлын мэдээлэл өгсөнд баярлалаа.
Хонх нь дуугарахаар дамар нь таг. Хоёулаа дуугарахаар лам нь таг гэгчийн үлгэрээр сайжруулсан шахмал түлшний нийлүүлэлтийн асуудал шийдэгдмэгц картны асуудал гараад ирэв. Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн мэдээлснээр карт зарим айлуудад давхардаж олгогдсонтой холбоотой хэрэглээ өссөн ба үүнийг зохицуулалт болгон карт шинэчлэх ажлыг гүйцэлдүүлж байгаа аж. Гэтэл хүйтний улирал эхэлсэн үед өнөөх л системийн, бүртгэлийн асуудал тулгарч баталгаажуулсан картаараа ч түлш авах боломжгүй асуудал үүссэн нь иргэдийн бухимдлыг хүргэж байна.
Сурвалжилсан: Б.Амарбаясгалан