Нийслэлийн хэмжээнд сайжруулсан шахмал түлш хомстож иргэдийн дунд хүндхэн нөхцөл байдал үүсээд байна. Энэ асуудлыг Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар "Зүүн үйлдвэрийг Баруун үйлдвэртэй нийлүүлдэг нь бодлогын том алдаа байсан. Ийм бүтэлгүй зүйл санаачилсан улсууд, Улаанбаатар хотын айл өрхүүдийг дулаан хангамжаар нь тасалдуулж байгаа нь санаатай юм уу, санамсаргүй юм уу, ямар учиртай юм бэ" хэмээн бухимдангуй асууж байв.
Гэтэл Эрчим хүчний сайд Н.Тавинбэх түлшний хомстлын талаар мэдээлэхдээ "Төлбөрийг хөнгөлсөнтэй холбоотой хэрэглээ өссөн. Мөн цочмог хүйтэрсэнтэй холбоотой хэрэглээ нэмэгдэж байх шиг байна. Ний нуугүй хэлэхэд карт зарим айлуудад давхардаж олгогдсонтой холбоотой хэрэглээ өссөн байна" гэв.
Өөрөөр хэлбэл хотын дарга Д.Сумъяабазарын зүгээс түлшний хомстлыг үйлдвэрлэлийн зохион байгуулалтын асуудалтай холбон дүгнэж байгаа бол Эрчим хүчний сайд Н.Тавинбэхийн зүгээс төлбөр хөнгөлсөнтэй холбоотойгоор иргэд зохиомол хомстол үүсгэж байгаа хэмээн тайлбарлав.
Хүйтний улирал эхэлсэн энэ үед иргэд түлшээ авч хэрэглэж чадахгүй байгааг удирдлагуудын зүгээс өөр өөрийнхөөр тайлбарлах нь иргэдийг төөрөгдүүлж, нэг нэгэндээ буруугаа чихэж буй үйлдэл гэх хардлагыг төрүүлж байгаа юм.
Б.Амарбаясгалан