Ардчилсан хөдөлгөөний удирдагчдын нэг С.Зориг 1998 оны аравдугаар сарын 02-нд бусдын гарт зэрлэгээр амиа алдаад 23 жил өнгөрч байна. Өнөөдөр Ардчилсан нам С.Зоригийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Ардчилсан намн хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү "Өчигдөр Цензургүй яриа нэвтрүүлгээр С.Зоригийн амь насанд халдсан гэх этгээд ярилцлага өгсөн. Ардчиллын үе үеийн удирдагчдын хувьд хорлон устгаж байгаа асуудлыг анхааралтай ажиглаж, чангахан дуугаръя гэж бодож байгаа.
Хэргийн гэрч С.Зориг агсны аминд Ц.Амгаланбаатар биш хамтран амьдрагч нь халдсан гэдгийг хэлсэн байдаг. Харамсалтай нь уг хэргийг төрийн нууц руу хүчээр оруулсны улмаас ямар асуудал нууц, ямар асуудал ил болох нь тодорхойгүй байна. Гэрчийг худалдаж авах, айлган сүрдүүлэх, цаашлаад хөнөөх вий гэдэгт маш их санаа зовж байна. Ардчилсан намын үед байсан гэрч хохирогчийг хамгаалах хууль байсныг МАН-ынхан хүчингүй болгосон. 23 жилийн өмнөх асуудлыг гэрчилсэн хүн нь ямар дарамт айдас дунд амьдарч байгааг хэлж мэдэхгүй. Захиалагч гээд байгаа хүмүүсийн хувьд ч хэн алсан, хэн захиалсан гэдгийг олох үүрэг нь МАН-д байгаа.
2000 оноос хойш өнөөдрийг хүртэл 23 жил хууль хяналтын байгууллага МАН удирдаж байгаа. Тэгэхээр 23 жил энэ хэрэгт эцэслэн цэг тавихгүй байгаа шалтгаан нь санаатайгаар Ардчиллын удирдагчдыг хороосон юм байна хэмээн үзэхэд хүрч байгаа юм. Яагаад гэвэл илрүүлэхгүй, захиалагчийг нь хэлэхгүй байна. Хэрвээ Амгаланбаатар, Содномдаржаа нар алуурчин биш юм бол өөр хэн юм. Маш ноцтой нэг зүйлийг бид мэднэ. Бяцхан хүүхдийг шатаасан хүмүүс шүү дээ. Үүнийг тогтоосон. Энэ хэрэг хэдийгээр хаалттай гэдэг боловч тухайн үеийн олон зүйлд анализ хийж үзвэл гэмт хэргийн эзэд тогтоогдсон. Чимгээгийн зүгээс Амгаланбаатар алсан байж магадгүй гэдгийг хүлээсэн шүү дээ. Тэгэхээр ийм зүйлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гаргаад сэжигтэн, яллагдагчаар сонгуулийг бохир аргаар хийж байгаа нь магадгүй Сонгинохайрхан дүүргийн сонгуульд Э.Бат-үүл ялах магадлалтай учраас бүх л бохир аргаа хэрэглэж байна" гэлээ.