Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийн ХОМ буюу хөрөнгө орлогын мэдүүлгийн талаар бид өнгөрсөн даваа гарагт мэдээлсэн. Нөхөн сонгуульд хүч үзэхээр зэхэж буй "Үнэн ба зөв" намын дарга А.Отгонбаатарын 900 саяар тоологдох хөрөнгө, нэр дэвшигч Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар нарын мэдүүлсэн байр орон сууцгүй, сарын хоол хүнсээ ч залгуулж чадахгүй шахуу хэмжээний орлого зэрэг нь олон нийтийн анхаарлыг зүй ёсоор татаад байгаа. Нэр дэвшигч А.Отгонбаатарын хувьд зах дээр лангуу ажиллуулж, онлайн худалдаа явуулж олсон мөнгө хэмээн тайлбарлаад байна.
Тэгвэл Улсын баатар Э.Бат-Үүл сарын 100 мянга буюу жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлсэн ХОМ-ээ албан ёсоор тайлбарлажээ. Тэрбээр "Миний сарын орлого 1 сая 200 мянган төгрөг гэж бөглөснийг Сонгуулийн ерөнхий хороо санаатайгаар жилийн орлого мэтээр тавьсан бололтой. 1 сая 200 мянга шүү" хэмээн тайлбарлав.
Үүл баатар АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ жилийн 1.2 сая төгрөгийн орлоготой, байр орон сууцгүй, 40 саяын машин, 10 саяын таван ширхэг адуутай, 1.4 сая төгрөгийн хадгаламжтай, 34 саяын авлага, 20 саяын өртэй хэмээн бөглөөд байсан юм. Харин байр орон сууцгүй гэдгээ "үнэн" гэж хэмээн баталсан юм. СЕХ үнэхээр алдаа гаргасан бол нэр дэвшигч Э.Бат-Үүл сарын сарын 1 сая 200 мянга, жилийн 14 сая 400 мянган төгрөгийн орлоготой болж өөрчлөгдөх юм.
Хэрвээ түүний хэлснээр Сонгуулийн ерөнхий хороо хөрөнгө орлогын мэдүүлгийг нь бүртгэж, цахим системд байрлуулахдаа алдаа гаргасан бол уг асуудалд техникийн алдаа гаргасан гэдгээрээ хариуцлага хүлээх нь гарцаагүй. Харин Э.Бат-Үүл баатар өөрөө алдаа гаргасан бол хөрөнгө орлогоо худал мэдээлсэн болж, Авлигын эсрэг хуулиар хариуцлага хүлээнэ.
Сануулахад, өнгөрсөн 2020 оны УИХ-ын сонгуулиас өмнө сонгуульд нэр дэвшигчид өмнөх хуулийн зохицуулалтаар сонгуулийн хороо, тойргийн хороонд хөрөнгө орлогын мэдүүлгээ цаасаар өгдөг байсан. 2019 онд батлагдсан Сонгуулийн тухай хууль болон Авлигын эсрэг хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу сонгуульд нэр дэвшигч нь хөрөнгө, орлогын мэдүүлгээ сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө цахимаар АТГ-т гаргаж өгдөг болсон билээ.