Сүүлийн хоёр жил гаруй хугацааг хөл хорионд өнгөрүүлсэн нийслэлчүүд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх үзэсгэлэн нэгээр нэмэгдэж, хоёр хоногийн турш үүд хаалгаа нээж байна. Бүх нийтийн соёл урлагыг хөгжүүлэх зорилготой “Хүрээ цам” үзэсгэлэн энэ сарын 15, 16-ны өдрүүдэд Чойжин ламын сүм музейгээс зохион байгуулж байна. Бид уг үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааны үеэр зохион байгуулагч Х.Болор-Эрдэнэтэй уулзаж, зарим зүйлийн талаар тодруулга авлаа.
Х.Болор-Эрдэнэ: Тусгай хэрэгцээт иргэд уг үзэсгэлэнг ямар нэг үнэ төлбөргүй үзэх боломжтой
-Энэхүү үйл ажиллагааг хэзээнээс эхлэн зохион байгуулж байгаа вэ. Энэ жилийн үйл ажиллагааны онцлог юу вэ?
-Тус үйл ажиллагааг 2011 оноос эхлэн жил бүр уламжлал болгон 10 дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд цар тахлын үеэр зохион байгуулж байгаа учир цар хүрээгээ багасгасан.
-Өнөөдөр болох үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөөч?
-Өдөрлөгийн сүүлийн өдөр 12.00 цагаас тусгай хэрэгцээт иргэдэд нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж байгаа. Ямар нэг тасалбаргүйгээр, үнэ төлбөргүй үзэх боломжтой. Өмнөх жилүүдэд мөн адил зохион байгуулсан. Гэхдээ урлаг соёлын үзүүлбэр үзүүлэх зэрэг томоохон арга хэмжээ болдог байсан. Энэ жилийн хувьд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан урлагийн тоглолт хийх боломжгүй байгаа.
-Үзвэрийн хувьд ямар онцлогтой бүтээлүүд байгаа вэ?
-Чойжин ламын сүм музейд Их хүрээ, Манзушир, Чойр хийцийн урчуудын бүтээсэн болон нэр нь үл мэдэгдэх урлаачдын бүтээсэн Цамын 80 гаруй баг, хувцас хэрэглэл хадгалагдаж байгаагаас дахин давтагдашгүй сор болсон Хүрээ хийцийн бүтээлүүдийг онцолмоор байна.
Музейд очиход үүдэнд нь халдвар хамгаалалын дэглэмийг чандлан сахиж гар ариутгаж, халуун хэмжиж, QR кодоо уншуулж орох шаардлага тавьж байлаа. Түүнчлэн үзвэр үзэж байсан иргэд хүн хоорондын зайгаа барьж соёлтой үйлчлүүлж байсан юм.
Чойжин ламын музейг зорьж ирсэн иргэн М.Батзаяатай ярилцаж, сэтгэгдлийг нь сонслоо.
-Та өмнөх жилүүдэд уг арга хэмжээнд оролцож байв уу. Энэ музейн хувьд бусдаас онцлог зүйл нь юу байсан бэ?
-Мэдээж үзэж байсан. Хамгийн их таалагдсан зүйл нь орчин нь байлаа. Бусад музейг өдрийн цагаар л үзэх боломжтой байдаг учраас өдөр үздэг байсан. Энэ удаад орой үзэж байгаа нь бас нэг онцлог санагдлаа.
-Музей дэх үзвэрүүдийн талаар та ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Үзвэрийн хувьд маш сонирхолтой байна. Занабазар гэгээнтний зангидсан илд, олон төрлийн цутгамал бурхад гэх мэт урьд нь үзэж байгаагүй үзвэрүүд байна. Бас нэг зүйлийг хэлэхэд тайлбарлагч, хөтөч нар ойлгомжтой сайн тайлбарлаж байна.
-Тасалбарын үнийн хувьд ямар санагдсан бэ?
-Маш боломжийн, хоёулаа найман мянган төгрөгөөр орсон. Ийм мөнгөөр музей үзээд, оройг сайхан өнгөрүүлж, өөртөө зурагтай болоод гарч байна гэдэг гоё хэрэг гэж үзэж байна.
-Баярлалаа.
Энэ сүмийг Монголын сүүлчийн эзэн хаан, шашин төрийг хослон баригч, VIII Богд Жибзундамба хутагт төрсөн дүү, Төрийн их Чойжин Лувсанхайдавт зориулж Их хүрээний нэрт уран барилгач Омбын удирдлага дор монгол урчуудын уран гараар бүтээжээ. Уг музей нь таван хэсэг танхимаас бүрдэнэ. Биднийг үзэсгэлэнд очиход төсөөлж байснаас өөр орчин угтаж авсан бөгөөд үзэсгэлэнг үзэхээр ирсэн хүмүүсийн дийлэнх хувь нь оюутан, залуучууд байсан нь орчин үеийн залуучууд үндэсний өв соёл, түүхээ дээдэлж буйн нэгээхэн жишээ мэт санагдаж байсныг энд дурдах нь зүйтэй.
Сурвалжилсан: Э.Дэлэгнанзадмаа
Б.Болортуяа