Хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн "Тусгай сургуулийг зогсооно. Ямар ч Кэмбриж, Орос сургууль байхгүй" хэмээн твиттерт жиргэж олны шүүмжлэлд өртсөн. Тэрбээр энэ талаараа тайлбар өглөө.
Тэрбээр, "Боловсролын салбарт шударга бус, тэгш бус тогтолцоо байгааг Боловсрол, шинжлэх ухааны сайд ч хүлээн зөвшөөрсөн байгаа. Гурваас дөрвөн төрлийн санхүүжилтийг үзүүлж байгаа. Энгийн сургуульд жилийн 300,000 төгрөг орчмыг нэг хүүхдэд зарцуулдаг мөртлөө Кембриджийн зэрэг сургуульд гурван сая төгрөг зарцуулж байна. Ингэж ялгавартай байдлыг бий болгосноос болж эцэг эхчүүд их мөнгө төлж, чанартай гэж үзэж байгаа сургуулиудад хүүхдүүдээ оруулахын тулд янз бүрийн гомдол, санал гаргаж байгаа. Ийм асуудлуудаас шалтгаалсан тэгш бус байдал төрөөс санхүүжиж байгаа сургуулиудад байгаа. Энэ асуудлыг боловсролын салбарын шинэчлэлийн хүрээнд шийдвэрлэх юм байна гэж би ойлгож байгаа" гэв.