Талибанууд Афганистанд түр Засгийн газар байгуулахаа мэдэгдсэн бөгөөд Холбооны мөрдөх товчооноос эрэн сурвалжилж буй этгээдийг Дотоод хэргийн сайдаар томилохоор болжээ.
Засгийн газрыг Мулла Мухаммед Хасан Ахунд удирдаж, Талибаныг үүсгэн байгуулагч Мулла Абдул Гани Барадар орлогчоор ажиллах болно хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна. Хэвлэлийн төлөөлөгч Забихулла Мужахид "Манай улсын иргэд шинэ засгийн газар байгуулахыг хүлээж байсныг бид мэднэ” хэмээжээ.
Талибанууд гурван долоо хоног гаруйн өмнө улсынхаа ихэнх хэсгийг хяналтандаа авсан юм. Засгийн газрын үүрэг гүйцэтгэгчийг зарлах нь Талибаны Засгийн газрыг байгуулах гол алхам болж байгаа юм.
Бусад томилгооноос дурдахад Батлан хамгаалахын сайдын үүрэг гүйцэтгэгчээр Мулла Якуб, хоёрдугаар орлогчоор Мулла Абдул Салам Ханафи нар багтжээ. Хаккани сүлжээ гэж нэрлэгддэг зэвсэгт бүлэглэлийн тэргүүн Сарауддин Хаккани Дотоод хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллахаар болсон байна.