Ардчилсан намын Үндэсний зөвлөл хуралдаж Сонгинохайрханд Э.Бат-Үүлийг, Хэнтийд Б.Гарамгайбаатар нарыг нэр дэвшүүлэхээр албан ёсоор зарлав. Одоо МАН-ынхан тун удахгүй хуралдаж нэр дэвшигчдээ тодруулна. Хэнтийн тойрогт Ц.Идэрбат өрсөлдөгчгүй шахам нэр дэвшиж буй талаар бид мэдээлсэн. Түүнийг УЗ болон Бага хурлаар ногоон гэрлээр дэмжих байх. Харин Сонгинохайрханы тойрог МАН-ынхан дунд ихээхэн маргаантай болж ирлээ. Гэхдээ эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаярын хүү Э.Батшугарыг тохироо ёсоор Сонгинохайрханд сойхоор болжээ.
Тохироо гэдэг нь өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар У.Хүрэлсүх тэргүүтэй Ардын намынхан эрсдэл үүсгэхгүйн тулд МАХН-тай тохироо хийж намдаа нэгтгэсэн. Тэрхүү тохирооны нэг хэсэг нь нөхөн сонгуульд МАХН-аас хүн нэр дэвшүүлэх байсан. Тэр утгаараа тохироогоо биелүүлэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сануулсан гэх мэдээлэл байна. Үүнийг нь намын "гал тогоог" базаж суугаа генсек Д.Амарбаясгалан ч дэмжсэн байна.
Гэхдээ Н.Энхбаяр нар засагт Шадар сайд болон нэг сайдын квотоо энэ намар авдагаараа авна. Бүр нарийндаа Н.Энхбаяр өөрөө Шадар сайд болох туйлын хүсэлтэй байгаа. Харин Н.Алтаншагайг нэр дэвшүүлнэ гэж анхнаасаа тооцож байсан "Сонгинохайрханы" буюу дүүргийн намын дарга Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дараг Д.Сумъяабазар нар уг шийдвэрт ихээхэн "алергитаж" буй сурагтай.
Энэ үл ойлголцлыг үүсгэн байж Э.Батшугарыг нэр дэвшүүлж буй нь цаанаа бас өөр бас давхар шалтгаантай гэнэ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар Н.Энхбаяр "Э.Батшугарыг Сонгинохайрханд нэр дэвшүүлэх. Хэрэв нам энэ тохироогоо дэмжихгүй бол түүнийг Монголбанкны Ерөнхийлөгчөөр томил" гэдэг шахалтыг үзүүлж эхэлсэн байна. Тиймээс Ардын намынхан энэ хоёр сонголтоос Сонгинохайрханд нэр дэвшүүлэх саналыг нь хүлээн авч, мөнгөний "авдартаа" өөрсдөө үргэлжлүүлэн эзэн суухыг илүүд үзжээ.
Г.Лхагвадорж