Улс төрд боломжгүй зүйл гэж үгүй. Ардын намын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ардчилсан намаас Ерөнхийлөгчөөр сонгогдож байсан Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилох тохироог “гүйлгэжээ”. Ер улс төр гэдэг өөрөө хоржоонтой. Ердөө дөрөвхөн сарын өмнө “Ард түмний эв нэгдлийг халган бутаргасан. Намын дарга У.Хүрэлсүх нь Монгол цэргийн холбоо гэгчийг байгуулан цэрэгжсэн намын бүтцийг зохион байгуулж, дарангуйлал руу энэ улсыг хөтөлж байна” хэмээн У.Хүрэлсүхийн тэргүүлж байсан Ардын намыг тараахаар “дайрч” явсан Х.Баттулга маргаашаас Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэд зөвлөх юм гэнэ. Урд хожид байгаагүй ийм айхтар тохироог улс төрд Ардын намынхан хийхээр нэгэнт тохирсон бололтой.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг томилгоо яг одоогийн байдлаар цаасан дээр албажаагүй хэдий ч аман байдлаар талууд бүрэн тохирсон гэнэ. Магадгүй маргааш гэхэд уг томилгоо хийгдэж магадгүй гэнэ.
Х.Баттулгыг орон тооны бус зөвлөхөөр томилуулах санааг Л.Оюун-Эрдэнэ ганцаараа “дэглэж” чадахгүй
Уг сонирхолтой тохироо, томилгооны цаад утгыг тайлж унших гэж улс төрийн хүрээнийхэн зовж буй сурагтай. Гэхдээ хамгийн ойлгомжтой “уншигдаж” буй ганц зүйл нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон тооны бус зөвлөхөөрөө экс Ерөнхийлөгч Х.Баттулгыг тавих “мэргэн” санааг дангаараа хэзээ ч гаргаж чадахгүй. Яагаад гэвэл өөрийнх нь нам доторх байр суурь төдийлөн батжиж амжаагүй. Түүгээр ч барахгүй огцруулах “ажиллагаанд” өртөж танхим нь тэр чигтээ ганхаж мэдэх ч нөхцөл байдал Л.Оюун-Эрдэнийн өмнө тулж ирээд буй. Намын залуус нь хүртэл бодлогыг нь сөрж, НАМЗХ дээр явуулах гэсэн томилгоог нь унагасан. Гишүүд Засгийн газрын үйл ажиллагааг хаврын чуулганы төгсгөлд ам л ангайвал шүүмжилж байсан гэх зэрэг олон асуудал Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдыг зовоож буй нь үнэн. Бодит байдал ийм байхад үхлээ эрсэн хулгана шиг намынхаа “муурнуудын” сахалаар оролдохгүй зүрх зориг түүнээс гарахгүй.
Тиймээс Х.Баттулгыг “хашаандаа” багтаах хачирхалтай томилгооны автор нь гарцаагүй Ардын намын том дарга нарын хамтын бүтээл байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, генсек Д.Амарбаясгалан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарын хамтдаа уг санаачилгыг гаргаж ирсэн байх учиртай. Гаргасан даруйдаа ажил хэрэг болгож үзэг цаас болгож амжилгүй хэвлэлд мэдээллээ “алдсаныг” бодоход Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эцсийн “визийг” нь хараахан дарж өгөөгүй бололтой. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зөвшөөрч гэмээнэ маргаашийн мандахын улаан нарнаар уг томилгоог Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд албажуулж мэдэх юм.
Х.Баттулга яагаад Ардын намын Ерөнхий сайдад зөвлөх болов
Х.Баттулгын хувьд унах уу, босох уу гэдэг торгон ирэн дээрээ байгаа. Хэрвээ алдаж “тогловол” өнгөрсөн хугацаанд хураасан бүх “дайснууд” нь түүний эсрэг “зэвсэглэн” босно. Тиймээс буухынхаа өмнө хүртэл талуудад тал алдахгүйг хичээж байгаад буусан. Түүний бүрэн эрхийн хугацаа нь дууссан даруйд түүний хүмүүс гэгддэг Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдорж, Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат генерал тэргүүтэй нөхдүүдийг нь Ардын намынхан барьж аваад, шалгаж эхэлсэн. Энэ бол нэг талаасаа түүнд өгч буй сануулга гэж саарал ордны тамхины цэг дээр яригдах болсон. Тиймээс нөхцөл байдал ороо бусгаа болж, цагийн байдал тогтворгүй болсон тул Х.Баттулгын хувьд хүчтэнтэй “дайтах” ямар ч сонирхолгүй байгаа нь гарцаагүй. Энэ хүсэл нь түүнийг Ардын намын Ерөнхий сайдад зөвлөх хэмжээнд хүргэж, хүлцэнгүй болгосон бололтой.
Ардын намынхан яагаад Х.Баттулгаас “айв”
Нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг тодруулахын өмнө хэрвээ Ерөнхийлөгч асан Х.Баттулга ийнхүү шийдсэн бол Ардын намын урхинд гүн гүнзгий шигдсэний л илрэл. Нөхөн сонгуульд нэр дэвших, цаашлаад нөхөн сонгуульд ялалт байгуулж бүрэн эрхээ сэргээлгэх. Улмаар хагарсан АН-ыг буцааж эвлүүлээд Ардын намын 2024 оны сонгуульд унагах нь гол тактик нь байсан. Гэвч энэ “мөрөөдлийг” нь орхиулсан тохироог Ардын намынхан түүнд санал болгосон гэсэн үг. Шулуухандаа бол нөхөн сонгуульд бие дааж өрсөлдөхөөс нь МАН-ынхан үхтлээ эмээсэн бололтой. Хэрвээ нөхөн сонгуульд экс Ерөнхийлөгч дэвшвэл ялах магадлалтай, ялалт байгуулаад УИХ-д ороод ирвэл Ардын намын ирээдүйн гурван жилийн улс төрийн амьдрал хар дарсан зүүд шиг өрнөж мэднэ.
Ямартаа ч Х.Баттулгыг нөхөн сонгуульд оролцуулахгүй байх зайлшгүй шаардлага МАН-д үүсч, эсрэгээрээ Х.Баттулгад МАН-ын шахалтыг хүлээж авахаас өөр гарц үлдээгүй бололтой.
Г.Лхагвадорж