Монгол Улсын Гавьяат Тамирчин Э.Содномпилжээ паралимпын наадмын хүндийг өргөлтийн тэмцээнээс алтан медалийн болзлыг хангаж, энэ удаагийн Паралимпын наадмын анхны медалийг эх орондоо авч ирсэн билээ. Тэгвэл МУГТ Э.Содномпилжээд “Эрхэт Монгол” группийн зүгээс ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байгаа талаар тус группийн ТУЗ-ийн дарга Х.Мандахбаяр цахим хуудаснаа нийтэлжээ.
Тэрбээр "Э.Содномпилжээдээ ТАУН ХАУС, дасгалжуулагч Д.Баттулгад 3 өрөө байр бэлэглэж байна.
Саяхандаа, Э.Содномпилжээ, түүнийг багш дасгалжуулагч Д.Баттулга нартай утсаар ярьж олимпын аварга болбол байр бэлэглэнэ ээ гэдгээ амласан юм. Энэ дагуу амлалтаа биелүүлж байна. Паралимп нь олимпын наадмаас ч илүү их хүч, тэвчээр, эр зоригийг тамирчнаас шаарддаг наадам билээ. Би өөрөө хоёр хөгжлийн бэрхшээлтэй дүүтэй хүн. Энэ хүмүүсийн жаргал зовлонг мэдэрч өссөн хүмүүсийн нэг. Олимпын тамирчдынхаа амжилтыг бид эн тэнцүү, хана чацуу үнэлж явах учиртай. Монгол түмний бахархалт хүү "Рио 2016" паралимпын наадмын хүрэл мeдальт, Дэлхийн хошой аварга, Дэлхийн рeкорд амжилтын эзэн, Монгол Улсын Гавьяат тамирчин Э.Содномпилжээдээ илүү их амжилт, аз жаргалыг хүсэн ерөөе. Энэ хүртэл тамирчнаа уйгагүй бэлдсэн багшийнх нь сэтгэл зүтгэлд талархан мөргөе өө. “Бид бүхэн жигүүртэй” уриан дор болж буй “Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд аваргын АЛТАН медалийг монголчууд хүртлээ. Хурай хурай хурай.
Э.Содномпилжээгийн нөр их хөдөлмөр, тэсвэр тэвчээр, онцгой амжилтыг дэмжин урамшуулж, “Эрхэт Монгол” группийн зүгээс өөрсдийн хэрэгжүүлж буй “GRAND MARSHAL LUXURY VILLAS” хотхонд тансаг зэрэглэлийн ТАУН ХАУС бэлэглэж байна.
Түүнчлэн түүний багш Д.Баттулгад “Эрхэт Монгол” групп, “Өнө мөнх хөгжил” констракшны хамтран бүтээн байгуулж буй “Сити резиденс” хотхонд 3 өрөө орон сууц бэлэглэн, амжилт, хөдөлмөрийг нь мялааж байна.
“Токио-2020” паралимпын наадмын пауэрлифтингийн 107 кг-д өрсөлдсөн Э.Содномпилжээ эхний оролдлогоороо 241 кг-ыг өргөж, зуны паралимпийн наадмын дээд амжилтыг тогтоосон бол хоёр дахь оролдлогоороо 245 кг-ыг захиалж, амжилттай өргөснөөр Паралимпын аварга болсон юм. Тэрбээр 2019 онд Казахстанд болсон пара пауэрлифтингийн ДАШТ-д түрүүлэхдээ эрэгтэйчүүдийн 107 кг-д 247 кг өргөн, энэ төрөлдөө Дэлхийн дээд амжилтыг тогтоосон түүхэн амжилтын эзэн билээ.
“Бээжин-2008” паралимпын наадмаас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Баатаржав байт харвааны төрөлд алтан медаль хүртэж байсан буухиаг 12 жилийн дараа итгэл төгс, нүүр бардам үргэлжүүлсэн Э.Содномпилжээ таны цаашдын спортын замналд өндрөөс өндрөөс амжилтыг дахин дахин хүсье" гэжээ.