Өнөөдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга болж байна. Монгол түмнийг даасан Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд үйлдэж, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч оролцож байв. Өнөөдрийн тахилгад мөн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцохоор нисдэг тэргээр иржээ.
Хангайн нурууны ноён оргил, мөнх цаст Отгонтэнгэр хайрхан нь эртнээс тахисаар ирсэн уул бөгөөд монголчууд эрт дээр үеэс “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул” зэргээр нэрлэж иржээ. Уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 метрт өргөгдсөн, түүний 3752 метрээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохон уулын энгэрт үзэсгэлэнт Бадархундага нуур бий.
Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.
Энэхүү уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг аж.