Зааны ясан эрэгт хорь гаруй жилийн дараа Эбола вирусийн тохиолдол дахин бүртгэгдлээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага халдвар тархах магадлал өндөр байгааг анхааруулж түгшүүр зарлажээ.
Зааны ясан эрэг (Кот -д'Ивуар) улсын Эрүүл мэндийн яамнаас өнгөрсөн бямба гарагт Гвиней улсаас зорчиж явсан өвчтөн Эбола вирусийн халдвар авсан нь батлагдсан гэж мэдээлэв. Тухайн өвчтөн нь энэ долоо хоногийн эхээр тус улсын нийслэл, хамгийн том хот болох Абижанд ирснийхээ дараа халуурч эмнэлэгт хэвтжээ.
ДЭМБ -ын Африк дахь бүс нутгийн захирал, доктор Матшидисо Моети "Энэхүү вирус нь дөрвөн сая гаруй хүн амтай Абижан хотод илэрсэн нь маш их түгшүүр төрүүлж байна" гэжээ.