Коронавирус халдварын дөрөв дэх давалгаатай тэмцэж буй БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлаг (ӨХУСА) мягмар гарагт мэдэгдсэнээр, Өмнөд Солонгос шинэ "Delta Plus COVID-19" хувилбарын анхны хоёр тохиолдлыг илрүүлжээ.
Дельта Плас хувилбар нь Энэтхэгт анх тодорхойлсон Дельта хувилбарын дэд удам бөгөөд K417N хэмээх мутацийг олж авсан байна.
Дельта Пласын тохиолдлын талаарх мэдээлэл цөөхөн байсан бөгөөд Их Британи, Португал, Энэтхэг зэрэг цөөн хэдэн улс зарим тохиолдлын талаар мэдээлсэн байна.
"Эхний тохиолдол 40 гаруй насны эрэгтэй хүнээс тогтоогдсон" гэж БНСУ-ын ӨХУСА-аас мэдээлжээ.
ӨХУСА-ын ажилтан Пак Юн Жун, "Энэ хүнтэй хавьтал болсон 280 орчим хүний шинжилгээний хариунд зөвхөн хүү нь л эерэг гарсан. Гэхдээ хүү нь Дельта Пласын халдвартай эсэх нь тодорхойгүй байна. Хоёр дахь тохиолдол нь АНУ-аас ирсэн дотоодын аялагчдаас илэрсэн. Энэ хүн аялалынхаа өмнө AstraZeneca вакцины хоёр тунд хамрагдсан байсан" гэжээ.
Мягмар гарагийн байдлаар тус улсын 14.1 хувь нь бүрэн вакцинд хамрагдсан байна. Өмнөд Солонгос есдүгээр сар гэхэд хамгийн багадаа 36 сая хүнийг дархлаажуулахаар төлөвлөж байна.
Орчуулсан: Б.Амарбаясгалан
Эх сурвалж: REUTERS