Нийслэлийн Засаг даргын захирамжаар наймдугаар сарын 1-нээс мал, амьтны гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг ил задгай худалдаалахыг хориглосон шийдвэр гарсан. Үүнтэй холбогдуулан мах худалдаалдаг захуудад ямар зохицуулалт хийх талаар иргэд, олон нийт мэдээлэл дутмаг байна. Иймд энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албаны хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн хүнсний хангамж үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Номингэрэлээс тодрууллаа.
-Өчигдрөөс ил задгай мах худалдаалахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Гэхдээ ийм шийдвэр гаргах болсон шалтгаан юу байв?
-ШӨХТГ болон Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүчит шонхор” захын ил задгай худалдааны хэсэгт мах зөөдөг тэргүүдээс 80 гаруй арчдас авч, шинжилгээ хийхэд гэдэсний савханцар үүсгэдэг бактери илэрсэн талаар мэдээлж байсан. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын тушаалын дагуу зах худалдааны төвүүд өглөөний 05.00 цагаас оройн 22.00 цаг хүртэл ажиллах хуваарьтай. Гэтэл “Хүчит шонхор” худалдааны төв үүрийн 04.00 цагаас үйл ажиллагаагаа эхлүүлдэг нь Засаг даргын захирамж зөрчиж буй юм. Мэргэжлийн байгууллагуудын хяналт, шалгалтын үеэр “Хүчит шонхор” захад бөөгнөрөл үүсэх, хүн хоорондын зай барихаас эхлүүлээд эрүүл ахуйн дэглэм алдагдсан орчинд зориулалтын бус тээврийн хэрэгслүүдэд махны ил задгай худалдааг хийж байгаа зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн. Иймд Нийслэлийн Ерөнхий менежерээр ахлуулсан ажлын хэсэг гарч мах худалдаалдаг захуудаар долдугаар сарын 10-наас эхлэн дахин хяналт шалгалт хийсэн юм. Ингэхдээ гадна талбайн шаардлага хангаагүй үйл ажиллагааг зогсоохгүй бол иргэдийн эрүүл ахуйн бүтээгдэхүүний хангамж алдагдаж байна гэж үзсэн учраас Нийслэлийн Засаг даргад ерөнхий нөхцөл байдлыг танилцуулж тус шийдвэрт хүрсэн. Түүнээс биш нэг л өдөр шийдээд гаргачихсан тушаал биш шүү дээ. Нийслэлийн хэмжээнд эрүүл ахуйн шаардлага хангасан махыг л иргэдэд хүргэхийн тулд ил задгай худалдаалахыг хориглож байгаа гэсэн үг.
-Мэдээж махны худалдааны эрүүл ахуй ярьж байгаа тохиолдолд малын бойг хэрхэх вэ гэдэг асуудал сөхөгдөнө?
-Одоогоор малын бойн үйл ажиллагааг зогсоохгүй. Харин эрүүл ахуйн шаардлага хангуулах ажлуудыг эрчимтэй хийнэ. Цаашид бойн үйл ажиллагааг зогсоож, шаардлага хангасан орчинд махыг бэлтгэж нийслэл дэх зах худалдааны төвүүдэд нийлүүлэх юм. Улаанбаатар хотын хоёр захад мах бэлтгэх хоёр үйлдвэр баригдаж байгаа. Үйлдвэрүүдийн барилгын явц 50-60 хувьтай байгаа боловч санхүүжилтийн улмаас одоохондоо түр зогссон байдалтай байна. Ашиглалтад орсноор малчид махаа зөвхөн тус хоёр үйлдвэрт авчирч, түүнийг нь шаардлага хангасан орчинд бэлтгэн нийслэл дэх мах худалдаалах захууд руу нийлүүлдэг болно.
-Хэчнээн эрүүл ахуй яригдаж байгаа боловч цаана нь үнийн хөөрөгдөл, хомсдол гэх асуудал үүсвэл яах вэ?
-"Хүчит шонхор" худалдааны төвд эрүүл ахуй алдагдсан нөхцөл байдлыг зогсоохын тулд Хүнс хөдөө аж, ахуйн яамнаас судалгаа гаргаж боломжтой махны худалдаа эрхэлдэг бусад захуудад орж ирж буй махуудыг хуваарилж, дотогш ариутган нэвтрүүлэх юм. Энэ тал дээр Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас ажиллаж байгаа. Ихэнх малчид "Хүчит шонхор" зах руу нийлүүлэлт хийдэг учраас тухайн захаас махаа авч зардаг худалдаачдад, иргэдэд үнэ өндөр очдог байсан. Тэгвэл нэг цэгээс махны нийлүүлэлтийг тэгш хуваарилах замаар худалдаалдаг болох нь үнэ ханш тогтвортой байхад ч эерэг нөлөөтэй гэж харж байгаа.
-Ер нь захын удирдлагууд, худалдаачид энэ шийдвэрийг хэрхэн хүлээж авсан бэ?
-“Хүчит шонхор” захын хувьд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шаардлага хүргүүлсэн байгаа. ШӨХТГ-аас гадна нийслэлээс гарсан ажлын хэсэг мах худалдаалдаг томоохон зургаан захын удирдлагуудтай уулзсан. Удирдлагуудын зүгээс тус саналыг дэмжиж ажиллахаа илэрхийлсэн тул Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. Иргэд ил задгай гэдгийг лангуугаар худалдаалахтай андуурч байж болох юм. Гэхдээ энэ нь ил задгай махыг хориглох буюу ил задгай нийлүүлж, худалдаалахаар ирж буй мах, махан бүтээгдэхүүнийг зориулалтын шаардлага хангасан дамжлагад шууд тээвэрлэн оруулж нэгдсэн үнээр нийлүүлэх юм.
-Энэ нь хэр үр дүнтэй шийдвэр гэж та бүхэн харж байна вэ?
-Гадна, бүтэн гулуузаар нь авч ирээд ил задгай бөөндөж зардаг жишиг ч тогтчихсон байна. Тиймээс энэ мэт гадна талбайн шаардлага хангаагүй үйл ажиллагааг зогсоохгүй бол иргэдийн эрүүл бүтээгдэхүүн хэрэглэж чадах эсэх нь эргэлзээтэй шүү дээ. Тиймээс үнэ өртөг, мах нийлүүлэлтийн тэгш хуваарилалт, эрүүл ахуй зэргийг бодолцож үзвэл ил задгай худалдааг хориглох шийдвэрийг гаргасан гэж хэлж болно.