Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Энхцэцэг: Олимпын финалын тоглолтыг шүүх 20 жилийн мөрөөдлөө биелүүлсэн

Ангилал
Токио-2020
Огноо
Унших
6 минут 48 секунд

Монголын спортын түүхэнд анх удаа эмэгтэй шүүгч олимпын наадмын финалын барилдааныг дэнсэллээ. Олон улсын жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэгтэй Токио хотноо ажиллаж буй спортын сэтгүүлч Б.Онон ярилцсаныг хүргэж байна.

-Энэ сарын 25-нд жүдо бөхийн 52 кг финалын барилдааны шүүгчээр та ажилласан. Энэ нь давхар давхар Монголын спортын түүхийг шинэчилсэн үйл явдал болсон. Манай улсаас олимпын наадамд 1988 онд финалын тоглолтыг шүүгч н.Басхүү гуай шүүсэн байдаг. Таны хувьд олимпын наадмын финалыг 30 гаруй жилийн дараа шүүж буй анхны Монгол шүүгч боллоо?

-Маш их баяртай байна. Токио-2020 олимпт финалын тоглолтыг л шүүх зорилготой ирсэн. Энэ ч миний 20 жилийн мөрөөдөл байлаа. Шүүгч болоод 20 жил болсон байна.

-Тэмцээний гуравдахь өдөр спортын ертөнцөд Японы ах дүү хоёр жүдоч хоёулаа олимпын аварга боллоо. Энэ барилдаан өөрөө маш өндөр темптэй, ур чадвартай тамирчдын барилдаан болсон. Таны хувьд шүүлтийн явцад хүндрэлтэй зүйл гарав уу?

-Шүүгчдийн нэрс гарсны дараа алтын төлөөх тоглолт шүүхээ хараад бусад маань ч баяр хүргэсэн. Абэ Үта бол цомхон тэмцээнд ордог учраас шүүж үзээгүй байсан. Шүүе гэж боддог л байлаа. Хоёулаа дэлхийн аварга, нэлээн темп өндөртэй тамирчид учраас ур чадвар шаардсан барилдаан болох байх гэж бодсон. Гэхдээ өөрийгөө 100 хувь контролдож шүүлтийн ард гарч чадсан. Би энийг л хийх гэж ирсэн хэмээн өөртөө хэлээд өөрийгөө тайван байлгаж тэмцээнээ дуусгасан.

-Олимп шүүнэ гэдэг өөрөө босго өндөртэй байдаг. Таны хувьд олимпын шүүх эрхийг хэрхэн авсан бэ. Токио-2020 олимпын наадмыг шүүх болсноо хэзээ мэдсэн бэ?

-2017 оноос хойш 50 шахам тэмцээн шүүсэн байна. Цар тахалтай үед олон улсын жүдо бөхийн холбоо аравдугаар сар хүртэл тэмцээнүүдээ зохион байгуулахгүй болсон байсан. Миний хувьд дөрвөн дэлхийн аваргын тэмцээнд шүүгчээр ажилласан байна. Мөн үнэмлэхүй жингийн аварга тэмцээнийг 2017 онд шүүж байсан. Тус тэмцээнд дэлхийн зургаан шүүгч л уригдан ирж шүүж байсан нь миний хувьд их том боломж байсан юм. Бид тамирчидтай адил тэмцээн бүрээсээ оноо цуглуулах шаардлагатай байдаг. Шүүлт, дэвжээ дээр хэрхэн ажиллаж байгаагаас шалтгаалан үнэлж, дүгнээд оноо өгдөг. Энэ оны хоёрдугаар сарын олимпын наадам шүүх эрхээ авсан.

-Олимпын наадмыг шүүх болсон мэдээг сонсоод хэрхэн хүлээж авсан бэ?

-Ямар ч байсан эрхээ авчихлаа. Гэхдээ цар тахлын үе гэдэг утгаараа эрүүл байх, бүх хариуцлага хяналтууд ирсэн. Мөн өөрийгөө байнга хөгжүүлж видео үзэх, алдаануудаа харах, барилдаан үзэх гэх мэтээр контролдож явсан.

-Сүүлийн гурван жил шүүгчдийн чансааг тэргүүлсэн гэж та хэллээ. Спорт хөгжлийнхөө өндөрт хүрсэн түүнийгээ дагаад тамирчдын чансаа ахисан үед шүүлтэд технологийн оролцоог оруулж өгч байгаа. Та дэвжээ дээр ажиллаж байхдаа тэр олон техникүүдтэй зэрэгцэж ажиллана гэдэг өөрөөс маш их хөдөлмөр, ур чадвар шаарддаг болов уу?

-Технологийн өндөр дэвшил бол спортод хэрэгтэй. Тэр дундаа жүдод асар хурдан хугацаанд нүд ирмэхийн зуурт юу ч ирж болно. Тэгэхээр үүнийг хүний нүд гүйцэхгүй ч юм уу үед эргэн тойрон камертай. Тухайлбал, эргэн тойронд 16 камертай. Тэр 16 камераас би буруу шүүж бултаж чадахгүй шүү дээ. Буруу шүүнэ гэсэн ойлголт байхгүй. Шүүлтийг хянаж байгаа хяналтаас бид зугатаж чадахгүй. Дүрмийн дагуу л шүүдэг.

-Мөн эрэгтэй 66 кг манай жүдоч Ё.Басхүү барилдсан. Сүүлийн мөчид өрсөлдөгчийнх нь талд шүүлт гарсан. Тухайн шүүлтэд яг юунаас болоод өөрчлөгдчихөв гэдэг иргэдийн дунд эргэлзээ төрүүлж байна. Та шүүгчийн байр сууринаас тухайн барилдаанд дүрмийнх нь дагуу ямар шийдвэр гарсан талаар тайлбарлаж өгөөч?

-Босоогоос мэх хийж байгаа тохиолдолд тамирчнаа оноо авах эцсийн мөч хүртлээ гараараа хөлөнд хүрч болохгүй. Ё.Басхүү үүрээд унагаах явцад гараараа түлхээд тухайн хүнийг унагаасан байдаг. Яг ийм дүрмээс болж ялагдал хүлээсэн маш олон тамирчин бий. Ц.Цогтбаатар өнгөрсөн гуравдугаар сард оролцсон тэмцээнд яг энэ шиг жишээ гарсан. Ц.Цогтбаатар алтын төлөө барилдаж байхдаа нөгөө өрсөлдөгч нь түүний хөлөнд хүрч унагасан. Тэгэхэд нь Ц.Цогтбаатар оноо алдаад шүүгч вазари зааж, тайзнаас буух гэж байхад нь камерийн бичлэгээс нөгөө тамирчин Ц.Цогтбаатарын хөлд хүрсэн байсан учраас оноог нь цуцалж байсан. Ё.Басхүүгийн тухайд ийм л зүйл болсон. Тэрнээс биш уржигдархан олимпын дэвжээн дээр өмдөнд нь хүрэхийг хориглосон дүрэм биш.

-Токиогийн олимп үзэгчгүй болж байгаагаараа онцлог. Олимпын уур амьсгал, шүүхэд ямар сэтгэгдэл төрж байна. Цар тахлын үед болж байгаа олимпт оролцож буй тамирчдын бэлтгэл, ур чадвар ямар төвшинд байгаа юм шиг санагдаж байна?

-Тамирчдын ур чадвар өндөр байна. Шүүхэд амаргүй барилдаанууд байлаа. Нэлээн авъяас, ур чадвар, мэдрэмж шаардсан барилдаанууд болж байгаа учраас өөрийгөө нэлээн сайн контролдож байж давж гардаг. Тамирчидтай адил сэтгэл зүйн бэлтгэлээ маш сайн хийж байж шүүдэг.

БИЧЛЭГ: Монгол Улсын төрийн далбаа Токиогийн тэнгэрт хоёр дахь удаагаа мандлаа
БИЧЛЭГ: Монгол Улсын төрийн далбаа Токиогийн тэнгэрт хоёр дахь удаагаа мандлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.