Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын ТНБД-ын орлогч У.Шерманы Монгол дахь айлчлал эхэллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 46 секунд

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерманы Монгол Улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна.

У.Шерман тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхаж, ГХЯ, Соёлын яам, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагуудтай тус тус уулзах юм.

АНУ-ЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ОРЛОГЧ У.ШЕРМАН

Хатагтай Уэнди Шерман АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор 2021 оны 4 дүгээр сараас ажиллаж байна.

Тэрбээр 1949 онд Балтимор хотноо еврей гаралтай гэр бүлд мэндэлсэн бөгөөд Бостоны Их сургуулийг 1971 онд социологи, хот судлалын бакалавр, 1976 онд Мэрилэндийн Их сургуулийг нийгмийн ажилтны магистрын зэрэгтэйгээр төгссөн.

У.Шерман ажлын гараагаа хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд болон ядуурлын түвшинд амьдарч буй хүмүүст туслах ажлаас эхлүүлж байжээ. Улмаар төрийн болон төрийн бус байгууллагад олон ажил эрхэлж ирсний дотор Конгрессын гишүүн хатагтай Б.Микулскигийн Ажлын албаны дарга, Мэрилэнд мужийн хүүхэд, залуучуудын асуудал эрхэлсэн тусгай нарийн бичгийн дарга, Хүүхэд хамгааллын газрын дарга, Ардчилсан намын 1988 оны сонгуулийн зохицуулагч, 1991-1993 онд Ардчилсан намын эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих байгууллагын тэргүүнээр ажиллаж байжээ.

Ерөнхийлөгч Б.Клинтоны Засаг захиргааны үед тэрбээр Төрийн департаментад Хууль тогтоох асуудал эрхэлсэн Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Төрийн департаментын зүгээс Конгресстой хамтран ажиллах ажлыг удирдаж байсны дотор Зөвлөлт Холбоот Улсаас тусгаар тогтносон орнуудад санхүүжилт олгуулах асуудлыг шийдвэрлүүлж байсан.

У.Шерман Төрийн нарийн бичгийн дарга М.Олбрайтын Тусгай зөвлөх (Элчин сайдын зиндаатай), Умард Солонгосын асуудлаарх бодлогын зохицуулагчаар ажиллаж байсан бөгөөд чухам энэ үед тэрбээр АНУ нь БНАСАУ-ыг цөмийн чадамжтай болохоос сэргийлэх цорын ганц арга зам бол дипломат ажиллагаа буюу яриа хэлэлцээ хийх явдал болно хэмээн тодорхойлж, санал болгож байсан аж.

У.Шерман Ерөнхийлөгч Б.Обамагийн Засаг захиргааны үед 2011-2015 онд АНУ-ын Улс төрийн асуудал хариуцсан Туслах төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж, Ираны цөмийн хөтөлбөрийн талаар бусад улс оронтой хийх яриа хэлэлцээг амжилттай удирдсан бөгөөд Ерөнхийлөгч Б.Обама түүнийг Үндэсний аюулгүй байдлын медалиар шагнаж байжээ.

У.Шерман нь Төрийн нарийн бичгийн даргын орлогчоор томилогдохоосоо өмнө Харвардын Их сургуулийн Кеннедигийн сургуулийн Олон нийтийн манлайллын төвийн захирал, мөн тус сургуулийн Шинжлэх ухаан ба олон улсын харилцааны Белфер төвийн ахлах ажилтан, Олбрайт Стоунбридж группын Ахлах зөвлөхөөр тус тус ажиллаж байсан болно. Түүнчлэн АНУ-ын Ерөнхийлөгчийн Тагнуулын зөвлөл, БХЯ-ны Батлан хамгаалах бодлогын зөвлөл, Конгресс дахь Үй олноор хөнөөх зэвсэглэлээс урьдчилан сэргийлэх, үл дэлгэрүүлэх, терроризмтой тэмцэх зөвлөлийн гишүүнээр ажиллаж байжээ.

АНУ-ын Төрийн департаментын дээрээсээ хоёрт эрэмбэлэгддэг өндөр албан тушаалтан болох өдгөө 72 настай хатагтай У.Шерманыг яриа хэлэлцээ хийхдээ шаргуу, туршлагатай дипломат хэмээн тодорхойлдог. Тэрбээр энэ албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй юм.

ТОКИО 2020: М.Уранцэцэг ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
ТОКИО 2020: М.Уранцэцэг ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо
 
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Цахимаар цагийн ажил хийх зорилгоор 13 удаагийн гүйлгээ хийж 22 сая төгрөгөө ЗАЛИЛУУЛЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.