Гадаадаас ирж буй иргэд вакцины бүрэн тунд хамрагдаад 14-өөс дээш хоног болсон, эсхүл өвдөөд эдгэсэн нотлох баримттай бол гэрийн ажиглалтад 14 хоног байх, бусад тохиолдолд тусгаарлах байр болон гэрийн ажиглалтад 7 хоног байх тусгаарлалтын журам мөрдөгдөж байсан билээ. Гэвч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь давтан шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулахаар болсон талаар албаныхан мэдээллээ.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Дэлхийн 111 улсад коронавирусын “дельта” хувилбар идэвхтэй тархаж байна. Энэ хувилбар нь өмнөх хувилбаруудаас 60 хувиар илүү хурдан халдварладаг, амархан хүндэрдэг, вакцины нөлөөг 20-30 хувь бууруулдаг зэрэг хоруу шинж чанартай нь нотлогдсон. Тархалтын хурдыг сааруулах, эмнэлгийн ачааллыг бууруулах зорилгоор олон улс оронд тодорхой хязгаарлалт, хорио цээрийн дэглэмийг тогтоож байна. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас болзошгүй эрсдэлээс урьдчилсан сэргийлэх зорилгоор гаднаас ирж буй хүмүүсийг вакцин хийлгэсэн эсэхээс үл хамаарч 10 хоног тусгаарлах, эсвэл нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх үед нь давтан шинжилгээ авах зэргээр хил, гаалийн хяналтыг сайжруулах саналыг гаргасан. Тус саналыг холбогдох албаныхан хэлэлцээд хилийн чанадаас ирж байгаа иргэдэд тавигдах шаардлагыг хэвээр үлдээсэн. Харин вакцины бүрэн тунд хамрагдсан, өвдөөд эдгэрсэн хүмүүсийг нисэх буудалд болон гэрийн ажиглалтад байх хугацаанд нь шинжилгээнд хамруулж, гэрийн ажиглалтад байгаа иргэдэд тавих хяналтыг сайжруулах шийдвэрийг гаргасан" гэлээ.