Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх халдвараар нас барагсдын ар гэрийнхэн эмгэнэл илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 34 секунд

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэтгэлийн чуулганд үг хэлэв. Тэрбээр энэ үеэрээ коронавирусийн халдварын улмаас амь насаа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийллээ. Тэрбээр "Одоогоос жил гаруйн өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Хабрисэс “Дэлхий цаашдаа хэзээ ч хуучин шигээ байхгүй. Нөхцөл байдал ч амаргүй байна. Урт хугацаа ч шаардагдах байх. Коронавирустай тэмцэх шидэт арга бидэнд алга.

Дэлхий ертөнцөд хүн амгалан тайван оршиход амаргүй байна. Корона вирус харанхуйд ч чимээгүй ажлаа хийсээр байна. Тиймээс бид сонор сэрэмжээ алдаж огт болохгүй. Үндэсний түвшинд эв нэгдэл, олон улсын түвшинд хамтын ажиллагаа чухал байна” хэмээн хэлж байсан.

Энэ байдал өнөөдөр ч дэлхий ертөнцөд хэвээр байна.

Манай ард түмэн өвчин зовлон хэлж ирдэггүй, хийсч ирдэг хэмээн ярьдаг.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд 184 сая хүн “Ковид-19” халдварт өртөж, 4 сая гаруй хүн нас барлаа. Манай улсад 130-аад мянган хүн халдвар авч, олон арван иргэд маань харамсалтайгаар амь насаа алдлаа.

Аюулт цар тахлын улмаас амь насаа алдсан ард иргэдийнхээ араас гүнээ эмгэнэн гашуудаж байна. Тэднийхээ ар гэр, төрөл төрөгсөд, үр хүүхэд, ойр дотны хүмүүст Монгол төрийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.

Аюулт цар тахал өвчнөөс ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө бүхий л боломж нөхцөлөө дайчлан ажиллаж, зарим үед давагдашгүй хүчин зүйлийн өмнө нүүр тулан сөхөрч байгаа хэдий ч Улсын Их Хурал, Засгийн газар, Улсын Онцгой комисс болон холбогдох байгууллага, албан тушаалтнууд, эрхэлсэн ажилдаа эзний ёсоор хандаж, сахилга бат, зохион байгуулалттай байж, харилцан уялдаа холбоотой, түргэн шуурхай, хариуцлагатай ажиллах шаардлагатай байна.

Улсын Их Хурал, Засгийн газар ард иргэдийнхээ амь нас, аюулгүй байдлыг тэргүүн зэрэгт тавьж, улс орныхоо эдийн засгийг богино хугацаанд хөл дээр нь босгон, цар тахлыг хохирол багатай даван туулахад онцгой анхаарч ажиллахыг Төрийн тэргүүний хувьд хатуу анхааруулж байна.

Цар тахлын эсрэг цаг наргүй, өдөр шөнөгүй хичээн зүтгэж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг тангараг өргөсөн төрийн албан хаагчид болон халдвар хамгаалал, өндөржүүлсэн бэлэн байдлын нарийн дэглэмийг сахиж, төр засагтайгаа хамтран ажиллаж байгаа нийт ард иргэддээ гүн талархал илэрхийлье.

Ард түмний эв нэгдэл гэдэг бол улс орны оршин тогтнохын үндэс юм. Эв нэгдэл үгүй бол хөгжил дэвшил, улс үндэстэн байх боломжгүй.

Цаашид монголчууд бид итгэл найдвар, эв нэгдэл, сахилга хариуцлага, хамтын хүчээр цар тахлын аюулыг даван гарах болно" гэлээ.

Сурвалжилга: Сорьц дууссан шалтгаанаар шинжилгээний цэг цагаасаа өмнө хаалгаа
Сурвалжилга: Сорьц дууссан шалтгаанаар шинжилгээний цэг цагаасаа өмнө хаалгаа "барив"
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.