Цар тахлын үед цахим хичээлд оролцож чадахгүй байгаа ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд чиглэсэн Good luck төслийг JCI Монгол төрийн бус байгууллагын JCI capital салбар санаачлан хэрэгжүүлж байгаа аж. Төслийн хүрээнд хүмүүсийн хэрэглээнээс гарах гэж буй, шинэчлэх гэж байгаа компьютеруудыг цуглуулан 100 хүүхдэд бэлэглэх юм. Төслийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахын тулд JCI capital Салбар байгууллагын Төслийн хорооны захирал Б.Баттуултай ярилцлаа.
-Өдрийн мэнд хүргэе. Төслийнхөө талаар танилцуулна уу?
-Өдрийн мэнд, JCI capital салбар төслийг хэрэгжүүлж байгаа. Энэ төслийнхөө хугацааг гурван жилээр төлөвлөсөн. Энэ жил эхний жил нь болж байгаа юм. 2020 оны арваннэгдүгээр сарын судалгаагаар 19,000 орчим хүүхэд ямар нэгэн байдлаар цахим хичээлд оролцож чадахгүй байгаа гэсэн судалгаа байсан. "Good luck" төсөл нь эдгээр хүүхдүүдэд чиглэсэн төсөл байгаа юм. Хүүхдүүдэд шинэ компьютер өгөх бус хэрэглэхээ больсон, эсвэл шинэчлэхээр төлөвлөж байгаа хүмүүсээс хуучин компьютер, нөтбүүкийг нь хандивлуулах юм. Энэ төслийг хэрэгжүүлэхэд компьютер цуглуулах ажлыг нь бид хийх юм. Хамтарч ажиллаж байгаа Дэлхийн зөн олон улсын байггууллага компьютер очих хүүхдүүдийнх нь нэрсийг гаргаж өгөх юм. Эргээд таны компьютерийг тэдэн хүүхэдтэй тийм айлд хүлээлгэж өгсөн гэдгийг нь албан ёсоор мэдэгдэнэ.
-Энэ жил хэдэн хүүхдэд компьютер хандивлахаар төлөвлөсөн бэ?
-Бид энэ ажлаа дөнгөж эхлүүлж байна. Дээрээс нь бид бүгд ажлынхаа хажуугаар энэ ажлаа хийдэг. Бид энэ ажлаасаа цалин авдаггүй. Тиймээс энэ жилийн хувьд 100 хүүхэд гэж тооцоолсон байгаа.
-Төсөл нь хэзээнээс эхэлсэн юм бэ?
-Бид зургадугаар сарын 5-нд төслийн нээлтээ хийсэн. Өнөөдрийн байдлаар 27 компьютертэй болчихсон байгаа. Мэдээж жижиг, сажиг асуудалтай компьютерүүдийг засаж сэлгээд яг хэрэглэхэд бэлэн болгоод хүүхдүүддээ өгнө. Компьютеруудаа цуглуулах, нэгтгэх, засаж янзлах ажлуудаа наймдугаар сарын сүүлээр дуусгаад есдүгээр сарын нэгнээс хүүхдүүддээ хүрнэ. Бидэнд компьютер хандивлаж байгаа хүмүүсийн нүд нь гэрэлтээд л ирдэг. Сэтгэл дүүрсэн мэдрэмж авлаа гэж хүмүүс их хэлдэг.
-"Good luck" гэх нэр нь ямар учиртай нэр вэ?
-Бид олон төрлийн нэр өгөх гэж удаан ярилцсан. "Жигүүр бэлэглэе", "далавч бэлэглэе" гэх мэт нэрс яригдаж байсан боловч ийм нэр өгчихвөл хүүхдүүдэд хүнд тусаж болохоор байсан. Учир нь өсвөр насны хүүхдүүд бусдаас ичдэг шүү дээ. Тэгэхлээр "далавч бэлэглэе" төслөөс компьютер авсан гэвэл эмзэглэж болохуйц байсан учраас зүгээр л дүүдээ амжилт хүсье гээд "Good luck" нэрийг өгсөн.
-JCI capital салбар өмнө ямар төсөл дээр ажиллаж байсан бэ?
-2019 онд JCI Монголоос "Нэг хором" төслийг санаачлаад манай салбар хэрэгжүүлсэн юм. Мөн "Амьдрал бэлэглэе" гээд Цусны төвтэй хамтарсан төсөл бий. 2009 оноос эхэлсэн "Амьдрал бэлэглэе" төсөл маань 13 дахь жилдээ үргэлжилж байна.
-Ярилцлагыг уншаад төсөлд нэгдэхийг хүссэн хүмүүс танайхтай хэрхэн холбогдох вэ?
-Манай Good luck нэртэй фэйсбүүк пэйжээр холбогдож болно. Би өөрөө хариуцаж авсан учраас ирсэн бүх мессэжинд хариу өгч байгаа. Мөн энэ төсөлдөө зориулж 89552233 гээд утастай болсон байгаа. Мөн компьютерүүд маань i3-аас дээш байх шалгуур үзүүлэлт байгаа. Үгүй бол хүмүүс хаях гэж байгаа юмаа өгөх гээд байдаг. Хэрэв та хүнд тусламаар байгаа бол хаях гэж байгаа зүйлээ бус шинэчлэх гэж байгаа зүйлээ өгөөрэй гэж хүсье.
-Та бүхний ажилд амжилт хүсье. Ярилцсанд баярлалаа.