Үндэсний их баяр наадмыг хойшлуулах УОК-ын саналыг Засгийн газар хүлээж авсан. Үүнтэй холбоотойгоор бөхийн галууд нэгдэж, цахим хуудсаар дамжуулан өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
Улсын гарьд Б.Гончигдамба “Тулгаж гаргасан шийдвэр нь амьдралтай нийцэхгүй байгаа. Уламжлалт соёл, ёс заншлаасаа ухрах гээд байна. Нөгөөтэйгүүр миний хувьд өчигдрийн Сүхбаатарын талбайд болсон жагсаалыг улс төрийн шинж чанартай гэж харж байгаа. Бөхчүүдийн хувьд хорио цээрийн дэглэмээ сахиж, бэлтгэл сургуулилтаа хийж байгаа учраас улс төржсөн биш байгаасай гэж хүсэж байна” гэсэн юм.
Улсын начин Б.Баатарцол “Нийт бөхчүүд, харваачид, уяачид наадам заавал хийнэ гээд зүтгээд байсан зүйлгүй. Гэхдээ төр засаг маань сонгуулиа хийгээд, наадмаа хийхгүй гэдэг шийдвэрээ эртхэн гаргаж мэдээлсэн бол энэ олон уяачид, бөхчүүд цуглахгүй байх байсан. Гэтэл наадам хойшлуулах шийдвэрээ ингэж тулгаж гаргасан нь харамсалтай” гэлээ.
Улсын харцага Ц.Одбаяр “Цаг үеийг нь тулгасан шийдвэр гаргаж байгаад бөхчүүд шүүмжлэлтэй хандаж байгаа. Бэлтгэл сургуулилтад гарахаас өмнө шийд хэлсэн бол бид хэл ам хийхгүй. Төр засгийнхаа шийдвэрийг дагах л байсан. Гэтэл бэлтгэлээ хийхийн тулд ажил, амьдралаа зохицуулаад л ирсэн. Монгол орон гэж байсан цагт монгол наадмыг таслах ёсгүй” гэв.
Улсын начин Ц.Сумъяабэйс “Бөхчүүд, олон түмнийг хоёр хэсэг хувааж, талцуулсан байдалд оруулж байна. Оройтсон шийдвэрээ эргэн харах боломж байна уу. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа наадам хийх эсэх шийдвэрээ баттай болгосон бол ийм хуваагдал, талцал бий болохгүй байсан. Дөрөвдүгээр сараас эхлэн бөхийн галууд бэлтгэл сургуулилтдаа гарчихсан байдаг. Бөхчүүдийн бай шагналд төсөв мөнгө их гаргана гэж бодож байх шиг байна. Бид давааны бай шагналаа эмч, эмнэлгийн ажилчид, төсөв мөнгө дутагдаж буй газарт нь хандивлахаар бодолтой байгаа. Баяр наадмыг хойшлуулахаар бол хугацааг нь тодорхой болгоорой гэж хэлье” хэмээв.