УОК-оос цахим наадмыг хойшлуулах шийдвэр гаргасантай холбогдуулан уяачид морьтой жагсаал зохион байгуулж байна. Тэд, "УОК олон сар жилийн хүч хөдөлмөрийг үнэгүйдүүлсэн шийдвэр гаргаж байна. Тиймээс өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээс өмнө байр сууриа илэрхийлж байна. Наадмыг хойшлуулахгүй байх, Монгол дархлаагаа хадгалж үлдэхийг уриалж байна" гэлээ. Жагсаалд нийт 150 гаруй морьтой уяач оролцож байна. Энэ үеэр уяачдын байр суурийг сонслоо.
Уяач н.Түвшинбаяр "Жилээс жилд хүүхдийн эрх гэдэг зүйл ганцхан наадмаар л гарч ирж байна. Гэтэл утаа униар гэх мэт олон зүйл хүүхдийн эрхийг зөрчиж байгаа. Зүгээр эмийн сангийн хаалганаас барьж аваад л нас барж байхад хүүхдийн эрхийг хамгаалдаг байгууллага нь хаана юу хийж байсан бэ. Бид хүүхдийнхээ аюулгүй байдал анхаарна. Вакцинд хамруулах гээд цаг авчихсан байгаа. Ямартай ч халдвар хамгааллын дэглэмээ баримталж, амны хаалттай уралдуулна. Наадмаа хийх ёстой. Миний хувьд хязаалангаас бусад насны долоон морь сойхоор бэлдсэн"
Уяач н.Сүхзориг "Наадмаа хийх хэрэгтэй. Халдварын цар хүрээгээ барьж тогтоовол тогтоох авчихаар л их хорьж цагдсан. Гэтэл өнөөдөр тархалтаа хумиж чадаагүй, халдварын тоо ихэссээр байна. Тиймээс одоо энгийн, нийгмийн амьдрал хэвэндээ орох ёстой. Улс даяар дандаа том хүмүүс л өвдөж байгааг сонсож байна. Мэдээж бид хүүхдүүдээ вакцинд хамруулаад масктай уралдуулна гэж бодож байна. Даатгалын компаниуд эсэргүүцээд эхэлсэн байна лээ. Тэд биднээс авсан мөнгөөрөө үйл ажиллагаа явуулж байгаа учир тэдний үйлдэлд шүүмжлэлтэй хандаж байгаа. Миний хувьд зургаан насны 200 гаруй морь уяж сойсон.
Уяач н.Дашбал "Хүүхдүүд өөрсдийн дурандаа л морь унадаг. Хүүхдийн эрх ашгийг зөрчсөн явдал байхгүй. Хүчилж унуулдаггүй, хүүхдүүд өөрсдөө дуртай учраас унадаг" гэлээ.