Дорнод бүсийн плэй-оффын финалын шатад таарсан Атланта Хокс, Милуаки Бакс багуудын цувралын дөрөв дэх тоглолтын үеэр Яннис Антетэкумпо өвдөгний бэртэл аван талбайг чөлөөлсөн. Үүнтэй холбогдуулан сагсан бөмбөг тайлбарлагч Ц.Эрдэнэбаясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрбээр, "Яннисын улирал дууссан. Ирэх улирал ч бас дууссан байх өндөр магадлалтай.
Би өөрөө энэ төрлийн гэмтэл авч байсан учир өвдөгний гэмтлийн талаар нэлээд уншиж судалсан. Бас биеэрээ ч мэдэрсэн. Бичлэгээс өвдөг үенээсээ мултраад буцаад орж байгаа харагдана лээ. Тэгэхээр хамгийн түрүүнд PCL буюу тэр арын чагтан холбоос сунах, тасрах аюултай. Аз болж тэр чагтан холбоос нь ACL, MCL, LCL буюу бусад 3 холбоосоо бодвол хамгийн бүдүүн бат бөх нь. За тэгээд үе мултарсан гэж үзвэл нөгөө 3 холбоос тэр дундаа ACL тасарсан байх магадлал маш өндөр. Мөн 2 ясны дунд байдаг meniscus буюу бидний хэлдгээр жийргэвч зөөлөн эд хөдөлгөөнд орно. Хөдөлгөөнд орохоороо үндсэн байрлалаасаа гарсан гэсэн үг. Тэр хэсэгт зайлшгүй хагалгаа хийнэ.
Зүгээр босоод өөрөө алхаад гарсан шдээ гэж хэлэх нэгэн байгаа байх. Чагтан холбоосны гэмтлээ хагалгаа хийлгэж залгуулахгүйгээр насан туршдаа зүгээр алхаад явж болно (гэхдээ спортоор хичээллэх, ачаалал авах хориотой). Тэгэхээр алхаад гарсанд найдалтгүй" гэж өөрийн цахим хаяг дээр бичжээ.