УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” хуулийн үйлчлэлийг сунгах эсэхийг хэлэлцэж байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Эрүүл мэндийн даатгалын сангийн мөнгийг Засгийн газар дангаараа дур мэдэж шийдвэрлэх байснаас Засгийн газар татгалзсан. Үүнийг дэмжиж байна. Засгийн газар өнөөдөр төсвийн тодотголоор 321 тэрбум төгрөгийг цар тахлын үед эрүүл мэндийн үед тусламж үйлчилгээнд зориулах гэж байгаа юм байна. Хууль зүйн техникийн хувьд одоо зөв явж байна.
Цар тахлын хуулийн ач холбогдол юу юм бэ. Уг нь өчигдрийн чуулганы хуралдаанаар аравдугаар сарын 1 хүртэл сунгахаар шийдсэн ч өнөөдөр байнгын хороогоор арванхоёрдугаар сарын 31-н хүртэл сунгахаар оруулж ирж байна" гэв.
УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин "Ковидын хуулийг сунгахыг зарчмын хувьд дэмжиж байна. Орон нутагт хуваарилсан ПСР аппарат, оношлуур нь олддоггүй юм байна. Янз бүрийн аппарат аваад өгчихсөн. Одоо гэхэд Дундговь аймагт ПСР аппарат нь оношлуур байхгүй гээд иргэдээ оношилж чадахгүй байна. Түргэвчилсэн оношлуураар аймгуудаа хангаж болохгүй юу. Нэг шинжилгээ авахад 25 мянга байдаг юм байна. Мөнгөтэй болонгуут иргэд шинжилгээгээ өгөхөө больчихлоо. Энэ шинжилгээгээ үнэгүй болгож болохгүй юу. Амьсгалын аппарат аймаг орон нутаг, сумдуудад маш хэрэгтэй байна. Энэ асуудлуудыг зээлээр, тусламжаар шийдэх боломж байна уу" гэлээ.
Хуралдаан үргэлжилж байна.