Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Ажилласан жилийг харгалзахгүйгээр жилийн ээлжийн амралтын хоногийг 20 хоног болгосныг оновчгүй байна. Яг ямар үндэслэлээр ингэж тогтоосон бэ. Уурхайчид 28 хоног ажиллаад 10-14 хоног амардаг нь үнэхээр сөрөг байсан. Үүнийг 14 хоногийн амралт, 14 хоногийн ажлын өдөр болгосон ажлын хэсгийнхний маш зөв шийдвэр.
Мөн ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой асуудлыг хуулийн төсөлд хэрхэн тусгасан бэ?"
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил "Жилийн ээлжийн амралтын үндсэн хугацааг 15 хоногоор тогтоогоод, ажилласан жилээс шалтгаалж нэмэлт хоног олгох хуучин зохицуулалтаараа явах саналыг Ц.Сандаг-Очир гишүүн хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэх үеэр гаргасан учир энэ саналаар өнөөдөр санал хураалт явуулж шийдвэрлэнэ. Гэхдээ санал нь Ц.Сандаг-Очир гишүүнээс орж ирнэ. 14 хоног ажиллаад 14 хоног амардаг тогтолцоонд уртын ээлжийнхэн энэ хуулиар шилжинэ. Гэхдээ тодотгол оруулж өгсөн. 14-өөс доош хоног ажиллахаар бол ажиллаж байгаа өдөртэйгөө тэнцсэн өдөр амрах зохицуулалтыг мөн хуульд нэмж тусгасан" гэлээ.
Асуулт, хариулт дууссаны дараа Ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй 19 саналын томъёоллоор санал хураалт явуулж, шийдвэрлэв.