Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын хуралдаанаас гарсан дөрвөн шийдвэрийн талаар мэдээлэл өгнө. Нэгдүгээрт, иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулдаг байх Үндэсний хөтөлбөртэй байх чиглэлийг Ерөнхий сайд өгсөн. Үүнийг цахим хэлбэрт шилжүүлж, цахим сан бий болгоход анхаарч ажиллана. Учир нь нас баралтад зүрх судас, хорт хавдар, гэмтэл бусад шалтгаан их байгаа учир энэхүү ажлыг хийж хэрэгжүүлэхээр болоод байна.
Хоёрдугаарт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдаж байгаа цогц асуудлыг шийдэх үүрэг чиглэлийг холбогдох сайд нарт өгсөн. Улаанбаатар, Архангай, Ховд, Дархан-Уул, Дорнод, Дундговь, Хөвсгөл аймагт хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төлөө барилгыг энэ жил дуусгаж, ирэх жилээс үйл ажиллагааг нь эхлүүлэхийг үүрэгдсэн. Төсөв мөнгийг нь шийдэхийг Сангийн сайдад даалгасан.
Гуравдугаарт, Нийслэлд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх өргөтгөсөн хурал болсон. Энэ хүрээнд тодорхой чиглэлийг Ерөнхий сайд өглөө. Тодруулбал, нүхэн гарцууд хийх төсөв мөнгийг 2022 онд багтааж шийдэх, Сэлбэ голын дагуух тохижилт, Бэлх, Сэлхийн үерийн далан зэргийг шийдэх төсвийг 2022 онд шийдэхийг үүрэгдлээ.
Дөрөвдүгээрт, Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөөгөөний талаар мэдээлэл сонслоо" гэлээ.