Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Барилгын салбарын ААНБ-ууд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэдэггүй, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх тал дээр хангалтгүй байна“

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 28 секунд

ХНХЯамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн нөхцөлийн мэргэжилтэн Т.Түвшинзултай барилгын салбар дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, ослоос урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцлаа.

-Барилга, бүтээн байгуулалтын ажил улс орон даяар эхэллээ. Үүнтэй холбоотойгоор барилгын салбар дахь ХАБЭА-н асуудал хөндөгдөж байна. Үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйл юу байна вэ?

-Энэ жилийн хувьд “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн бүтээн байгуулалтын ажил цаг хугацааны хувьд бага зэрэг хойшиллоо гэж харж байна. Ямар ч салбарын хувьд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудлыг нэгдүгээрт тавих ёстой. Барилгын салбар нь хүн, машин механизмын хөдөлгөөний давхцал, огтлолцол дор ажилладаг, мөн хязгаарлагдмал талбайд барилгын үйл ажиллагаа явуулдаг гэхчилэн өндөр эрсдэлтэй. Тиймээс барилгын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг хангаж ажиллах нь аж ахуйн нэгж байгууллагын үүрэг төдийгүй ажил олгогчийн манлайлал, ажилтнуудын санаачлага, хандлага маш чухал. Манай төвөөс “Барилгын салбарын үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх зөвлөмж”-ийг боловсруулан гаргасан. Энэхүү зөвлөмжийг ажил олгогч нар ажлын байранд хэрэгжүүлснээр аливаа осол, аваараас урьдчилан сэргийлэх боломжтой.

Үүнд

  • Бүх ажилтнуудыг хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтанд хамруулж, сургалтанд хамрагдсан зааварчилгаа авсан ажилтнаар ажил гүйцэтгүүлэх
  • Ажил эхлэхийн өмнө аюулгүй байдлын цугларалтыг өдөр бүр хийж хэвшүүлэх
  • Ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлж, эрсдэлийг бууруулах, арилгах арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, хэрэгжилтийг хангах
  • Ажил гүйцэтгэх орчинд ажилтнуудын аюулгүй байдлыг хангасан тоноглол, аюулгүйн санамж, тэмдэг, тэмдэглэгээ, хашлага хаалт хамгаалалт хийж уналтаас урьдчилан сэргийлэх
  • Барилгын талбайг эмх цэгцтэй байлгах
  • Өргөх зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зөвшөөрөл авч, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллах
  • Барилгын талбайд ажиллаж буй ажилтанд ажлын тусгай хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгслийг зориулалтын дагуу хэрэглүүлэх нь чухал юм.

-Барилгын салбарын аж, ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээнд хэр хамрагддаг вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “Ажил олгогч нь ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэх үүрэгтэй” гэж заасан хэдий ч барилгын салбарын ААНБ-ууд хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэдэггүй, хуулийн хэрэгжилтийг биелүүлэх тал дээр хангалтгүй байдаг.

-Барилгын салбарт үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлдөг хүчин зүйл юу байна вэ?

-Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гаргасан үйлдвэрлэлийн ослын тоон судалгаанаас харахад 2018-2020 оны хугацаанд үйлдвэрлэлийн осол нийтдээ 942 бүртгэгдсэн байна. Үүнээс барилгын салбарт 98 осол буюу нийт ослын 10 хувийг эзэлж байна. Тухайлбал 2018 онд 17 осол, 2019 онд 38 осол, 2020 онд 43 осол бүртгэгджээ. Барилга угсралтын салбарт унаж нас барах тохиолдол хамгийн их. Түүнчлэн удирдлагын тогтолцооноос хамаарсан осол 28,5 хувьтай байна. Тухайлбал, цахилгаан шат суурилагдах нүхний түр хаалтыг стандартын шаардлагад нийцүүлэн хийгээгүй, анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүйн улмаас ажилтан осолд өртөх, ажилтнуудад ажлын хувцас, нэг бүрийн хамгаалах хэрэгсэл олгодоггүй, аюулгүй ажиллагааны сургалтыг зохион байгуулдаггүй зэрэг нийтлэг алдаа дутагдал байна. Харин техник, технологиос хамаарсан осол 43 хувьтай байна. Тухайлбал, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэлтэй, байнгын шалгалт урьдчилан сэргийлэлт хийгээгүй, технологийн горим өөрчилсөн, хориг түгжээ, хаалт хамгаалалтгүй, тоног төхөөрөмж, машин механизмын аюулгүй ажиллагаа хангалтгүй гэх мэт. Мөн хувь хүний хүчин зүйлээс хамаарсан осол 28,5 хувьтай байна. Энэ нь анхаарал болгоомжгүй, аюулгүй ажиллагааны заавар, журам мөрдөөгүй, удирдлагын заавар зөрчсөн, ажил үүргээ гүйцэтгэхдээ ажил олгогчийн өгсөн хамгаалах хэрэгслийг хэрэглээгүйн улмаас унах, тоног төхөөрөмжийг цахилгаан эх үүсвэрээс салгаж унтраалгүйгээр засвар үйлчилгээ хийсний улмаас бэртэж, гэмтэж байна. Эндээс ажилтан, ажил олгогч нь хариуцлагатай байх шаардлагатайг харуулж байгаа юм.

йлдвэрлэлийн ослыг бууруулахын тулд ажил олгогч эздийн үүрэг оролцоо хэр чухал вэ ?

-Ажил олгогчийн үүрэг, хариуцлага, манлайлал маш чухал. Ажил олгогч нь байгууллагадаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн соёлыг төлөвшүүлж, талбайд хөдөлмөр эрхлэж байгаа ажилтны амь нас, эрүүл мэндийг хамгаалах, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай.

Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо байгууллаа
Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүд хотын хөгжлийн бодлого хариуцсан түр хороо байгууллаа
 
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Улаанбаатарт шөнөдөө -11 хэмийн хүйтэн хононо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.