ОХУ-ын сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг хордоогүй, нойр булчирхайн өвчнөөсөө болж ухаангүй болсон хэмээн мэдээлж, олны анхаарлын төвд орсон эмч Александер Мураховский намагтай ойд алга болсон талаар Оросын мэдээллийн хэрэгсэл мэдээлжээ.
Ерөнхийлөгч Владимир Путинг шүүмжлэгч Навальныйд тохиолдсон явдлыг хэн нэгний санаатай хорлол биш хэмээн мэдэгдсэнээсээ хэдэн өдрийн дараа Омск мужийн эрүүл мэндийн сайдаар өргөмжлөгдсөн юм. Тэрбээр тавдугаар сарын 7-нд ан хийх гэж ойд орсноосоо хойш сураггүй алга болжээ. Хамт анд явсан нөхөд нь түүний дөрвөн дугуйтын хойд хоёр дугуй нь шаварт суусан учир цааш алхаж явахаас аргагүй болсныг гэрчилжээ.
Улмаар 65 хүний бүрэлдэхүүнтэй эрэн хайх баг уулыг самнаж байгаа ч Мураховский олдоогүй хэвээр байна. Цагдаа нарын мэдээлж байгаагаар тус ойд баавгай элбэг байдаг нь эл хэрэгтэй холбоотой байж магадгүй гэнэ. Өнгөрсөн оны наймдугаар сард Навальный Томскоос Москва хүртэл нисч байхдаа ухаан алдаж, комад орсон билээ. Тухайн үед Мураховский түүнийг хордоогүй хэмээн тайлбарлаж, Германд аваачиж эмчлүүлэхийг эсэргүүцэж байсан ч эцэст нь бууж өгсөн.